Тод мэдээ
Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг шалгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Дугуй цагаан орчмын тохижилтыг зургаадугаар сарын 1-н гэхэд дуусгах үүрэг өгсөн. Энэ дагуу өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг шалган, тус бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.
Тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Цагаан толгой нуур” компанийнхан бүтээн байгуулалтыг хугацаандаа дуусгахаар төлөвлөсөн ч бороо орсонтой холбоотойгоор хугацаа алдсан гэдгийг хэлж байв. Мөн явган хүний болон дугуйн зам тавьж, машины зогсоол хийх гэж байсан газрыг амрах талбай болгон тохижуулж эхэлжээ. Явган хүний замыг 3-5 метрийн өргөнтэй хийсэн байна.
НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Ариун цэврийн байгууламжийн доторх тоноглолуудыг хийсэн. 7-14 хоногийн дотор ашиглалтад оруулна. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн долоо хоногт явган хүний замын хажуу талаар бор шороо асгаж, зүлэг тарьсан” гэв.
“Цагаан толгой нуур” компанийн гүйцэтгэх захирал Б.Батцэнгэл:
-Дугуй цагаан орчмын дээд хэсгийн тохижилтын ажил бүрэн дууссан. Доод хэсэг дэх чулуу болон дээврийн ажил дутуу байгаа. Чулууг бороонд нааж болохгүй учраас хугацаа алдлаа. Хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажил бүрэн дууссан. Түүнчлэн үлдсэн тохижилтын ажлыг 14 хоногийн хугацаанд дуусгах боломжтой хэмээв.
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Тоглоомын талбай ашиглалтад орсноос хойш хүүхдүүд маш их ирж тоглож байна. Энэ орчмын хогийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцдаг. Цаашид нийслэл, эсвэл дүүрэгт нэг мөр хариуцуулбал зүгээр. Иргэд дүүрэг хариуцах ёстой гэж ойлгодог. Тэгэхээр үүнийг шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ.
Хотын дарга дүүргээс хөрөнгө гаргаж, явган хүний зам нэмж тавих, гэрэлтүүлгийг сайжруулах үүрэг өгөв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, дугуйтай, хүүхдийн тэрэгтэй хүмүүс зорчиход саадгүй байдлаар тохижилтын ажлыг гүйцэтгэх хэрэгтэйг онцоллоо. Түүнчлэн Дугуй цагаан орчмыг жишиг байдлаар тохижуулж, цаашид нэгдсэн стандарт бий болгох шаардлагатайг хэлж байв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС