Тод мэдээ
Газар хөдлөлтийн үеийн дуурайлган үзүүлэх дадлага сургууль зохион байгуулав

"Монгол Улсад газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагын харилцан ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах гэж буй.
Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн алба хаагчид газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах бэлтгэл ажлын хүрээнд дуурайлган үзүүлэх дадлага сургуулийг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Тус дадлага сургуулиар Баянгол дүүрэгт 7.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж, тус дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны барилгад нуралт үүсэн, 1-4 давхрын даацын хана, тааз нурж, 15 иргэн нурангид дарагдан, 25 иргэнийг аюулгүй талбайд шилжүүлж, нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлж буйгаар цагийн байдал өгөгдөн, давчуу орон зайд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж буйгаар дуурайлган үзүүлсэн юм.
Мөн тус объект нь газар хөдлөлтийн чичирхийлэлд өртөж нуранги үүссэний улмаас гал түймэр гарч, барилга бүхэлдээ утаажилттай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн томилгоот бие бүрэлдэхүүн гамшгийн голомтод галыг унтраах ажиллагааг зохион байгууллаа.
Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, сургуулийн удирдагч, бригадын генерал Б.Ууганбаяр, Баянгол дүүргийн Засаг даргын үүргийг орлон гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, ОБЕГ болон НОБГ, Баянгол дүүргийн ЗДТГ, дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд, нийслэлийн Аврах анги, дүүргийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагын 300 ажилтан, алба хаагч хамрагдсан юм.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС
Тод мэдээ
Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарчээ
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, байршил дээр нь дахин төлөвлөлтийн 15-20 төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг үе шаттай зарласан.
Ийнхүү хоёр төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа. Тодруулбал,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК;
- Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 32 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК тус тус шалгарсан юм.
Батламж гардуулах үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд амжилт хүсэн “Хамгийн гол нь хариуцлага алдахгүйгээр иргэдтэйгээ харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажилдаа яаравчлан орох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажил цаг ямагт маргаан дагуулж байдаг. Гэвч та бүхнийг өнгөрсөн алдааг давтахгүй, хариуцлагаа өндөржүүлж, айл өрхийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Тод мэдээ
Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна.
Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн. Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна.
Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.
Тод мэдээ
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай
Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.
Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.
Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.
-
Өнөөдөр2022/12/21
Сү.Батболд: Би төрөөс төрсөн тэрбумтан биш биш. Надад нүүрсний гэрээ, ЖДҮ, конце...
-
Чөлөөт бүс2019/10/07
Баян-Өлгий аймгийн Бүргэдийн баярыг 2000 гаруй жуулчин сонирхжээ
-
Тод индэр2020/08/11
“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол ...
-
Тод индэр2022/08/04
Б.Жавхлан: Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй...