Тод индэр
Урлагийнхан авлигын эсрэг сурталчилгаанд оролцож байна

Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн тэргүүлэх нэгэн чиглэл нь авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлигын нийгэмд учруулах хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, иргэдийг авлигатай тэмцэх арга барилд сургах, энэ төрлийн үйл ажиллагаанд татан оролцуулах юм.
Энэхүү чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын эсрэг сургалт, сурталчилгаа, олон нийтийг хамарсан арга хэмжээг өмнөхөөс шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж байна. Үүний нэг нь авлигыг мэдээлэх 110 утасны сурталчилгаагаар дамжуулан олны танил урлаг, соёлын алдартнуудтай хамтран ажиллаж эхэллээ.
Эхний ээлжинд сагсан бөмбөгийн “SBL Хасын хүлгүүд” багийн тамирчин Т.Санчир, “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ганхүү, дуучин Д.Отгонжаргал, жүжигчин Б.Амарсайхан нар нийгмийн хариуцлагаа үзүүлж, авлигыг мэдээлэх 110 утасны сурталчилгаанд үнэ төлбөргүй тоглолоо. Тэд авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйлс хэмээн дүгнээд шударга бус үйлдлийг заавал илчилж байхыг сануулан, “Чи бол Авлигатай тэмцэх газар. Ягштал мөрд, шалга, мэдээл. Яг одоо 110 руу залгаарай” хэмээн иргэдийг уриалав.
110 утасны сурталчилгааг телевиз, нийгмийн сүлжээгээр түгээн иргэдэд хүргэж байна.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс залууст авлигыг жигшээх, шударга ёсны үйл хэрэгт уриалах, тэдний дуу хоолойг үүсгэх, хүч оролцоог бий болгох зорилгоор дуучин A Cool, Pacrap нартай хамтран “Саарал хүмүүс” дууг бүтээсэн бөгөөд одоогоор дууны клипний зураг авалтыг хийж байна.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.