Тод мэдээ
УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд ноён А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны тавдугаар сарын 08-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Алексей Николаевич Евсиковыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм хүндэт Алексей Николаевичтай танилцаж байгаадаа таатай байна гээд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон баяр хүргэв. Тэрбээр, Элчин сайд А.Н.Евсиков нь дипломат албанд олон жил ажилласан, туршлагатай эрхэм бөгөөд Монгол, Оросын харилцааг цаашид улам бүр хөгжүүлэхэд хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.
Элчин сайд А.Н.Евсиков Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс ОХУ-ын ойр дотны хөрш төдийгүй манай орны стратегийн түнш юм. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага буюу парламентын хөгжил, шинэчлэлийн ажлууд сүүлийн жилүүдэд ихээр хийгдсэн. Ялангуяа сонгуулийн тогтолцооны хууль тогтоомжид орж буй шинэчлэл нь ард түмний засаглалыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна. Иймд парламент хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх сонирхолтой байна гэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол, Оросын сайн хөршийн, найрсаг харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа. Манай хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОХУ-аас Монгол Улсад парламентын өндөр түвшинд хэд хэдэн айлчлалыг хэрэгжүүлсэн. Тухайлбал Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев, Төрийн Думын орлогч дарга Ш.В.Кара-Оол болон А.В.Гордеев нар Монгол Улсад үр дүнтэй айлчлал хийсэн. Манай хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал механизм болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Талууд манай хоёр улс эрт дээр үеэс сайн хөршийн, найрсаг харилцаатай байж ирснийг дурдаж, хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС