Тод мэдээ
УИХ: Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны тайлан, дүгнэлтийг сонсов

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй танилцах хэлэлцүүлгийг эхлүүллээ. Тайлан болон санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Хянан шалгах түр хороо Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах зорилгоор тус банк байгуулагдсанаас хойших хугацааны зээл олголт, эргэн төлөлттэй холбоотой баримт материалууд болон зээлдэгч аж ахуйн нэгж байгууллага, арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн ашиглалт, зарцуулалттай холбоотой материал, дансны гүйлгээ, төсөл, хөтөлбөрийн үр өгөөж, Хөгжлийн банкны үйл ажиллагааны үр ашигт байдал, түүнд тавигдах дотоод болон хөндлөнгийн хяналтын тогтолцооны үйлчлэлтэй холбоотой баримт материалыг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Тус банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөг, арилжааны банкаар дамжуулан олгосон 2542 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөг, Засгийн газарт шилжүүлсэн 355 зээлдэгчийн 2.5 их наяд төгрөг, мөн тус банкны охин компаниудаас санхүүжүүлсэн 35 зээлдэгчийн 161.6 тэрбум төгрөгийн багцын хамаарал болон зарцуулалтыг данс хөөх зарчмаар шалгаж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нээлттэй зохион байгуулж олон нийтэд шууд дамжуулан хүргэсэн. Сонсгол нийт 13 өдрийн турш үргэлжилж, 672 иргэнийг гэрчээр дуудсанаас 356 иргэн биечлэн оролцсон гэлээ. Тус Хянан шалгах түр хороо холбогдох хуулийн хүрээнд арилжааны 12 банканд газар дээрх хяналт шалгалтыг явуулж, зээлдэгч бүрийн санхүүжилтэд данс хөөх аргаар зарцуулалтыг нэг бүрчлэн шалгаж дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд,
Нэг. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хувьд 18.3 хувь нь зориулалтын дагуу буюу зээлийн гэрээнд заасны дагуу зарцуулалтыг хийсэн, 74.2 хувь нь зориулалт бүрэн бус буюу зээлийн тодорхой хэсгийг зээлийн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, 7.4 хувь нь зээлийг 100 хувь зориулалт бусаар ашигласан, 0.3 хувь нь нягтлах боломжгүй буюу зээлийг бэлэн зарлагын гүйлгээгээр зарцуулсан байна.
Хоёр. Монгол Улсын Хөгжлийн банкны шууд зээлдэгч 77 арилжааны банкаар дамжуулан зээлдэгч 2542, Засгийн газарт шилжүүлсэн багцын 355 төсөл, хөтөлбөрийг гүйцэтгэгч 279 компани, тус банкны охин компаниудаас санхүүжүүлсэн 42 зээлдэгч, нийт 3000 гаруй зээлдэгчийн идэвхтэй, идэвхгүй хувьцаа эзэмшигч, өмнөх ба одоогийн гүйцэтгэх удирдлага, эцсийн өмчлөгч нар дээр бүртгэлтэй хуулийн этгээдүүдийн мэдээллийг улс төрийн хамаарлын хүрээлэлтэй тулгаж нягтлахад 125 хуулийн этгээд, найман иргэн, нийт 133 зээлдэгч улс төрийн хамааралтай байна. Улс төрийн хамааралтай зээлдэгчид нь Хөгжлийн банкнаас нийтдээ 1.5 их наяд төгрөгийн дүн бүхий зээл авсан байгаа нь тус банкны нийт олгосон 7.5 их наяд төгрөгийн зээлийн 20%-ийг эзэлж байна.
Гурав. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийг олгохдоо хууль, бодлого, журмыг хангасан эсэх нийцлийг шалгахад хуулийн зорилттой нийцсэн төсөл 33 хувь, бүрэн бус нийцэлтэй төсөл 49.5 хувь, нийцээгүй төсөл 17.5 хувийг тус тус эзэлж байна.
Дөрөв. Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо байгуулагдаж ажилласнаас хойш зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн эргэн төлөлтөө идэвхжүүлсэн нь 2022 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хооронд нийтдээ 1.08 их наяд төгрөгийн эргэн төлөлт хийгдсэнээс харагдаж байна.
Тав. Хөгжлийн банканд 2011 оноос хойш ажиллаж байсан гүйцэтгэх удирдлагын баг нь мөнгөн хөрөнгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүйгээс тухайн үеийн зах зээлийн хүүгийн хэмжээгээр харьцуулан тооцоолоход 120 гаруй тэрбум төгрөгийн алдагдсан боломжийн зардал үүсгэж банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн байна.
Тайлангийн дүгнэлтүүдээ танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр уг тайланг түр хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг мөн танилцуулсан юм. Санал дүгнэлтэд, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин, засаглалын хэлбэрээр цаашид үйл ажиллагаагаа явуулсан тохиолдолд Хөгжлийн банканд үүссэн хүндрэл бэрхшээл арилахгүй, нөхцөл байдал дахин давтагдах эрсдэлтэй байгааг дурдсан байна. Иймд Хянан шалгах түр хорооноос Хөгжлийн банкийг татан буулгах, Хөгжлийн банкны үйл ажиллагааг нь өнөөдрийн хэлбэрээр үргэлжлүүлэхэд ямар эрсдэл үүсэх талаар холбогдох тооцоо судалгаа хийжээ.
Хөгжлийн банкны нийт хөрөнгө 2023 оны эхний улирлын байдлаар 3.9 их наяд төгрөг, чанаргүй зээл болон анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл 1.5 их наяд төгрөг, хуримтлагдсан алдагдал 455 тэрбум төгрөг байна. Банкны санхүүгийн тайлангийн үзүүлэлтээрх мөнгөн урсгалын зөрөө 2023 оны 10 дугаар сарын байдлаар 1.03 их наяд төгрөгт хүрэх, 2025 оны 12 дугаар сар хүртэл дунджаар 950 тэрбум төгрөг байх хүлээлттэй байна. Гадаад бондын эх үүсвэрийн батлан даагч нь Засгийн газар бөгөөд Хөгжлийн банкийг татан буулгасан тохиолдолд дээрх алдагдал улсын төсөвт дарамт учруулах, гадаад валютын улсын нөөцөөс төлөгдөх эрсдэлтэй байгаа юм. Ийм нөхцөлд Хөгжлийн банкийг татан буулгах нь хамгийн амархан боловч санхүүгийн хувьд өндөр зардалтай эдийн засгийн хувьд үр ашиггүй. Ирээдүйд дахин хөгжлийн хөтөлбөрүүд санхүүжүүлэх институц байгуулах шаардлага үүссэн нөхцөлд бүгдийг шинээр эхлэх шаардлага тулгарна гэж Хянан шалгах түр хороо дүгнэсэн байна.
Мөн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд гарсан алдаа дутагдалд, сүүлийн хорь гаруй жилд хэт ойртсон зааг ялгаагүй хаалттай, авлигажсан улс төр, бизнес, банк санхүүгийн санхүүжилтийн тогтолцоо тус банкны засаглал, хүний нөөц, шийдвэр гаргалтад гүнзгий нэвтэрсэн, засаглалын хувьд зохистой зарчим хэрэгжээгүй, улс төрийн хууль бус нөлөөллөөс ангид тогтвортой, мэргэжлийн шийдвэр гаргаж чадаагүй зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Мөн, банкны үндсэн бизнесийн загвар нь тооцоолол, судалгаа шинжилгээнд бүрэн суурилаагүй, орлого олох эх үүсвэрийн болон үйл ажиллагааны зардлыг нөхөх үйл ажиллагааны чиглэл байхгүй, нийт зээлийн санхүүжилтийн дийлэнх нь үндсэн зорилгодоо нийцээгүй, зээлийн зарцуулалт үр дүнд хийх хяналт сул, хариуцлагын тогтолцоо байхгүй байна гэсэн дүгнэлтийг тус түр хороо хийсэн байна. Цаашид, Хөгжлийн банкны засаглал, удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, банкны хяналтын “Базелийн хороо”-н зарчмууд зэрэг дотоод хяналт ба эрсдэлийн удирдлагын тогтолцооны бүтэц эрх хэмжээг тусгасан засаглалын зарчмуудад үндэслэн банкны засаглалын бодлого, эрсдэлийн бодлогыг боловсруулан баталж, хэрэгжүүлэх болон дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх, банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг мэргэжлийн түвшинд, ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бус байдлаар шийдвэрлэх чадвартай Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, тэдэнтэй гэрээ байгуулж ажиллах, гүйцэтгэх удирдлагыг багаар нь сонгон шалгаруулж, гэрээ хийн, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах зэрэг өөрчлөлтийг хийх шаардлагатай хэмээн Хянан шалгах түр хорооны санал дүгнэлтэд дурджээ.
Мөн олон улсын банк санхүүгийн стандартад нийцүүлж Хөгжлийн банкны эрх зүйн орчин, дүрэм журмуудыг шинэчлэх шаардлагатайг ч тэмдэглэжээ.
Хянан шалгах түр хорооны тайлан болон санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд, Н.Ганибал, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрбат, Б.Баттөмөр нар асуулт асууж, үг хэллээ. Тус Түр хорооны анхны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ард түмний төлөөлөл болон ажиллаж буйн мөн чанараа илтгэн харуулж, олон талын мэдээллийг улс орон даяар ил болгон, нийтэд танилцуулан хэлэлцүүлж, тайлан дүгнэлтээ гаргасан Хянан шалгах түр хорооны гишүүд, оролцож ажилласан нийт хүмүүст баяр хүргэж талархал илэрхийлсэн юм. Тэрбээр энэ Хянан шалгах түр хорооны явуулсан гурван шатны сонсгол, түүний үр дүн бол Монгол Улсын түүхэнд сургамж, бас гарын авлага болно хэмээн цохон дурдлаа.
Хянан шалгах түр хорооноос “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсныг чуулганы дараачийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2022/04/19
Түлш нөөцлөхөд хүндрэл үүсэж болзошгүй гэв
-
Тод мэдээ2020/10/19
“Цахим төлбөрийн QRBARIMT”-ыг ашигладаг боллоо
-
Тод мэдээ2023/01/05
Улс төрд нөлөө бүхий зарим этгээдийн хамаарал бүхий этгээд төрд удирдах алба хаш...
-
Чөлөөт бүс2020/06/17
Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна