Тод мэдээ
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 153 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн өмчийн хорооны даргын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 333 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулагдсаныг дурдаад тус Ажлын хэсгээс “Кью Эс Си” ХХК-ийг “үйлдвэр болон ил уурхайд зэрэг хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэн гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, мөн тус үйлдвэрийн эзэмшлийн төмрийн хүдрийн ордуудаас болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хувьцаанаас ямар нэг хувь эзэмшихгүй, үндэсний компани” гэсэн үндэслэлээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг концессын гэрээгээр хувьчлах сонгон шалгаруулалтад санал болгосон байдгийг онцлов.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Эдийн засгийн хөгжлийн сайдад олгож, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг концессын гэрээний хугацаанд “Кью Эс Си” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд үүрэг болгосны дагуу Төрийн өмчийн хорооны 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 155 дугаар тогтоолоор “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-д шилжүүлсэн байна гэв.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Концессын гэрээ цуцлах тухай” 148 дугаар тогтоол болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” ХХК-аас буцаан шилжүүлэн авах тухай” 123 дугаар тогтоолоор “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн концессыг хүчингүйд тооцож төрийн өмчид буцаан авах шийдвэр гаргасан гэв.
Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны үйл ажиллагаанд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газраас хамтарсан хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтаар “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д хөрөнгийн удирдлагын эрхийг хэрэгжүүлэхдээ концессын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй, олон зөрчил гаргаж, нийт 1,233,781,640,000.00 төгрөгийн хохирол учруулсныг тогтоосон. Дээрх хяналт шалгалтын дүнтэй холбогдуулан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай холбоотой нийт найман хэрэг шүүхийн байгууллагад хянагдаж байгааг Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан мэдээлэлдээ дурдсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, С.Одонтуяа, Х.Ганхуяг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд Дарханы төмөрлөгийн үйлдвэр цаашид бизнесийн зарчмаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой эсэхийг тодруулахын зэрэгцээ уурхайн сул зогсолтын улмаас ажилчид нь цалин, орлогогүй болсон талаарх иргэдийн гомдлыг уламжилж байлаа. Мөн Засгийн газраас төр бизнесийн үйл ажиллагаа явуулах хүрээ хязгаарыг хумих, хувийн хэвшлээ дэмжих бодлого баримталж буй эсэх талаар илүүтэй лавлаж байв.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав хариултдаа, Тус үйлдвэр 2022 оны 04 дүгээр сард төрд шилжсэнийг дурдаад одоогийн байдлаар 1524 ажилтан ажиллаж байгаа бөгөөд цалинг нь 38 хувиар нэмээд байна. Дундаж цалин ойролцоогоор 2 сая гаруй төгрөг байгаа. Нэг удаа ч цалин, орлого тасраагүй, улмаар хоёрдугаар сарын сүүлээр 13 дахь цалин өгсөн гэв. Мөн тэрбээр “Сул зогсолтод 280 хүн байна. Өмнө нь оргил үед 564 хүний сул зогсолт гарч байсан. Өнгөрсөн жилийн байдлаар есөн сар хүртэл сард 3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол аравдугаар сард би ажлаа авснаас хойш оны эцэст 1.5 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Оны эхний улиралд хамгийн багадаа долоон тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна” хэмээн хариулав.
Харин Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариултдаа, төр бизнесийн үйл ажиллагаанаас богино хугацаанд татгалзах нь Засгийн газраас баримталж буй гол бодлого гэдгийг тэмдэглэв. Мөн тэрбээр “Өнөөдөр төрийн өмчит хязгаарлагдмал болон хувьцаат компани, газар зэрэг нийт 119 байгаагийн 107 нь нийслэлд, 22 нь дүүргүүдэд байна. Засгийн газар энэ онд эдгээр төрийн өмчит болон орон нутгийн өмчит газруудыг үйл ажиллагааных нь чиглэлээр нэгтгэж, цөөлөх бодлого баримтална. Түүнчлэн зайлшгүй төрд байх шаардлагагүй компаниудыг татан буулгах ажлыг богино хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн. Бидний тооцоолсноор 30-40 хувиар тоог нь цөөрүүлэх, улмаар компанийн засаглалыг сайжруулах, төлөөлөн удирдах зөвлөлийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгодог болох зэрэг ажлуудыг эрчимтэй явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Монголын төр жилдээ 12 орчим их наяд төгрөгийн худалдан авалт хийж байгаагийн 7 орчим нь төрийн өмчит компаниудын үйлдвэрлэлтэй шууд холбогдож байгаа учраас үүнийг хувийн хэвшилд шилжүүлэх ажил байна” хэмээн хариулж байв.
Хуралдааны төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Дарханы төмөрлөгийн үйлдвэр 1990 онд Японы ард түмний хөрөнгөөр байгуулагдаж, 1994 онд ашиглалтад орж байсныг дурдаад өнөөдөр 100.0 мянган тонны цувималын үйлдвэрийн 25-хан хувийг ашиглаж байгаа атлаа асар их хүдэр олборлоод байна. 1650 хүний орон тоотой уг үйлдвэрийн 280 хүн нь сул зогсож байгаа зэрэг тулгамдсан асуудал их байна. Тиймээс “Монгол ган цогцолбор-I” хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай гэж байлаа. Мөн ойрын хугацаанд 3 сая тонн хүдрийн баяжмалыг тээвэрлэх, цахилгаан хангамж, хаягдал төмрийн менежментийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг дурдаад цаашлаад уг үйлдвэрийг олон нийтийн болгох, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд үйлдвэрийн удирдлагууд, холбогдох албаны хүмүүсийг анхаарч ажиллахыг хүслээ.
Үүгээр хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод мэдээ2021/06/08
Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгажээ
-
Тод мэдээ2020/11/19
ЗГ: Хүүхдийн мөнгийг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл хугацаанд олгоно
-
Тод зураг2019/08/07
Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлж байна
-
Тод мэдээ2022/06/21
Киргизийн Эрүүл мэндийн сайд Ковид-19 холбоотой авлигын хэргээр баривчлагджээ