Дэлхий нийтээр..
“Баавгай болохсон” кино Каннын кино наадамд нэр дэвшлээ
Дэлхийн кино урлагийн салбарын тэргүүн зэрэглэлийн Каннын кино наадмын 2023 оны “Un Certain Regard” төрөлд “If Only I Could Hibernate” буюу “Баавгай болохсон” кино албан ёсоор нэр дэвшиж буйг өчигдөр Каннын кино наадмаас зарлалаа.
Ингэснээр “Амигдала филмьс”-ийн найруулагч, продюсер П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Монгол Улсаас анх удаагаа Каннын кино наадамд нэр дэвшсэн кино болж байна.
“Un Certain Regard” гэх төрлийг 1998 оноос хойш Каннын кино наадмын албан ёсны сонгон шалгаруулалтын нэг хэсэг болгосон бөгөөд шинээр гарч ирж буй кино найруулагчдын дэлхийн кино зах зээлд танигдах хөшүүрэг болох үүднээс бүрэн хэмжээний анхны эсвэл удаах киногоо бүтээсэн найруулагчдын киног нэр дэвшүүлдэг юм.
“Баавгай болохсон” кино нь Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг өсвөр насны хүүгийн амьдрал, түүний физикийн авьяасдаа тулгуурласан сайхан ирээдүйн төлөөх тэмцэл, өнөөгийн Улаанбаатар хотын олон бэрхшээлийг агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөн харуулжээ.
Найруулагч, продюсер П.Золжаргал энэ талаар ярихдаа “....“Баавгай болохсон” киногоор агаарын бохирдол, боловсролын тэгш бус байдал, хүүхдийн эрхийг асуудлыг хөндөхийг хүссэн. Бид утаагаар амьсгалдаггүй, бид ахан дүүсийнхээ ядуурлаар амьсгалдаг. Гэр хорооллын арын энгэрт хэн ч дуртайдаа нүүрс түлдэггүй. Хүмүүс дулаан хонохын тулд нүүрс түлж байгаа. Өнөө шөнө дулаан хонож амьд үлдэх үү, эсвэл эрүүл агаараар амьсгалж байгаад үхэх үү гэдэг сонголт дунд 220 гаруй мянган өрх амьдарч байна. Гэсэн ч зарим нэг хэсэг нь үүнийг ойлгодоггүй. Өөрсдийнх нь хүүхдийг хордуулах гээд “покрышка” түлдэг гэж ойлгодог. Утаагүй нүүрс гараад л асуудлаа шийдчихсэн мэт хандаж байгаа ч арын энгэрт амьдарч байгаа хүнд утаатай эсэх нь эсвэл покрышка түлэх эсэх нь хамаагүй шүү дээ. Машины тос, ундааны саваа түлнэ. Тэр асуудлыг би хөндөхийг хүсэж энэ киног эхлүүлсэн. Энэ кино бол 15 настай хүүгийн тухай кино. Ядуурлын тойрогт эргэлдэж байгаа хүүгийн тухай кино юм. Ядуурал хүнийг намаг балчиг шиг барьсан байдаг. Эндээс хүүхдүүдийг юу гаргах вэ гэхээр сайн боловсрол л юм. Ердөө л сайн боловсрол ядуурлаас гаргаж чадна. Гэтэл амьдралын боломж хомс хүүхдүүдэд сайн боловсрол тэгш олдож байгаа юу. Миний “Шинэ Монгол” сургуульд авсан шиг боловсрол яагаад тэдгээр хүүхдүүдэд олдохгүй байгаа вэ гэдэг асуудлыг би хөндөж гаргахыг хүссэн юм.
Коронавирусын үед Ерөнхий боловсролын сургуулиудыг хамгийн түрүүнд хамгийн удаан хугацаанд хаасан. Гэтэл түлэх нүүрсгүй хүүхдүүдэд зурагт байхгүй шүү дээ. Юун гар утас, юун дата! Гэтэл коронавирусээс үүдэн боловсролын тэгш бус байдал бүр их ялгаа заагтай боллоо. Ирээдүйд ядуурлаас гарах боломж нь улам алсарлаа. Ходоодны мухраас хатгана гэдэг шиг би тэр хүүхдүүдийн өмнөөс энэ киногоороо дамжуулж орилмоор байна” гэсэн байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2026/01/14
Гандан орчмын 1.6 га талбайд тохижилт хийж, жишиг гудамж байгуулна
-
Дэлхий нийтээр..2023/04/24
Олон улсын баг 28 өвчтөнд мэс засал үнэ төлбөргүй хийлээ
-
Үйл явдал2024/05/30
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлнэ
-
Хэн юу хэлэв...2020/05/14
А.Тлейхан: У.Хүрэлсүхийн Засгийн газар эрчим хүчний хэрэглээгээ дотоодын эх үүсв...
