Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

ТББХ: УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Огноо:

,

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын  дөрвөн гишүүн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, тодруулбал Улсын Их Хурлын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн тодорхой зорилт дэвшүүлсэн билээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес дүгээр зүйлийн 1-т “Нам, Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж намын бодлого, үйл ажиллагааны үндсэн хүрээг тодорхойлжээ. Энэхүү үндсэн хэм хэмжээний хувьд улс төрийн нам улсын хэмжээний бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дэвшүүлж сонгуульд өрсөлдөх, сонгуулийн тойрог дагасан улсын төсвийн нэгдмэл бус байдлыг арилгах боломжит сонгуулийн тогтолцооны хувилбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс юм.

Иймд сонгуулийн тогтолцооноос үүдэн гарсан Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг эргэн харж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагатай гэж үзсэн болно.

Төслийг боловсруулахдаа ЕАБХАБ-аас 2020, 2021 оны сонгуулиудыг ажиглаад өгсөн зөвлөмж, Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагаас санал авсан.

Хуулийн төслийг Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны суурь өөрчлөлт, хуулиар зохицуулах харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагад үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд:

  1. Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
  2. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
  3. Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах талаарх нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
  4. Сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохицуулалтуудыг тусгасан,
  5. Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгасан гэлээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын 38 гишүүнийг тойргоос, 38 гишүүнийг намын жагсаалтаас сонгохоор төсөлд тусгажээ. 38 тойргоос дэвших болбол 1 аймаг, дүүрэг нэг нэг л төлөөлөлтэй болох нь. Энэ хэр зөв юм бэ хэмээн тодруулсан. Мөн тэрбээр хуулийн төсөлд тусгасан жендэрийн асуудал, намаас нэр дэвшигчдийн жагсаалтын талаар тодруулсан юм.

Хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүдийн тоо, тойргийг УИХ-аас тогтоодог. Энэ бол дараагийн шатны асуудал. Тойргийн тоо, гишүүдийн тоотой холбоотой асуудлыг хэлэлцүүлгийн явцад ярилцан шийдэх боломжууд байгаа. Жагсаалтын тухайд намууд хүмүүсээ нэр дэвшүүлээд нэрийг нь саналын хуудсанд жагсаана. Иргэд саналаа намд өгч болно, хүнд өгч болно. Санал авах хуудас гурван баганатай байна. Эхний баганаар тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсээ иргэд сонгоно. Хоёр дахь багананд  намын нэр, гурав дахь багананд хүний нэр байх болов уу гэж бодож байна. Тэрхүү дараалал ямар байхыг одоо хэлж мэдэхгүй байна. Энэ мэт зарчмын асуудлуудаа хэлэлцээд шийднэ. Бидний өргөн мэдүүлсэн хувилбараар нийт намд өгсөн санал, хүнд өгсөн саналууд нийлээд тухайн намд очих саналын нийт дүн болно. Түүгээр нь нам авсан суудлаа хэнд хуваарилах вэ гэдгээ шийдээд явах юм. Засгийн газраас хуулийн төслийн талаар санал авсан. Засгийн газар тухайн нам эвслээс жагсаалтад бичигдсэн хүмүүсийг эрэгтэй, эмэгтэй гэсэн дарааллаар солбиж бичиж оруулъя гэсэн санал өгсөн. Ажлын хэсэг тэр саналыг хүлээн авч төсөлдөө тусгасан. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн саналуудыг ярилцаад тухай бүр нь шийдээд явна.  АН-ын хоёр гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төслийн гол зарчмын асуудал бол мажоритар пропорциональ хосолсон холимог тогтолцоогоор сонгууль явуулах тухай байгаа. Түүний хамт гишүүдийн тоо, эмэгтэйчүүдийн квот, түүнийг дотор нь хэрхэн хуваарилах, тойргийн гэх мэт асуудлыг ярилцаад шийдэх боломжууд байгаа гэж үзэж байна хэмээн хариулсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг цаашид хангах талаар болон өргөн мэдүүлсэн төслүүд төлөөллийн ардчиллын үндсэн зарчмуудыг хэрхэн хангаж буй талаар ажлын хэсгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд сонгууль болгоноос урьтаж хуулиа, тогтолцоогоо өөрчилдгөөс үүдэж сонгогчдод ойлгомжгүй байдал үүссэнийг УИХ-ын дарга анхааруулж, цаашид сонгуулийн эрх зүйн орчныг тогтвортой болгох үндсийг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс сонгуулийн тогтолцооны асуудлыг Үндсэн хуульд оруулах замаар тогтвортой байдлыг хангах боломжтойг хэлэв. Мөн ажлын хэсгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Т.Доржханд, төсөлд тусгасан тогтолцооны хувилбар бол УИХ-д суудалтай гурван намаар зогсохгүй нийт улс төрийн намуудын нэгдмэл санал, хамтын шийдвэр тул цаашид тогтвортой байдал хангагдана гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Үүнээс гадна хүн ам, газар нутаг, нийгмийн бүлгүүдийг бүрэн төлөөлөх төлөөллийг хангах явдал нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчим болохыг УИХ-ын дарга дурдаад, хуулийн төсөлд уг асуудал хэрхэн туссан талаар асуусан юм. Өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай улсын хувьд үндэсний аюулгүй байдлын үүднээс газар нутгийн төлөөллийг хангах асуудал ихээхэн чухал гэдгийг онцлоод, засаг захиргааны нэг нэгжийг нэг л гишүүн төлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан нь эрсдэл үүсгэж болзошгүйг тэрээр анхааруулав. Мөн төрийн албан хаагчид, мэргэжил нийгмийн бүлгүүдийн төлөөллийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн хангах асуудлыг анхаарах ёстойг хэлсэн юм.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хууль, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав.

Тэрбээр, Улсын Их Хурал дах Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг бэлтгэн өргөн барьж байна. Бидний боловсруулсан уг хуулийн төслийн ерөнхий агуулга, ач холбогдлыг дараах байдлаар тоймлон илэрхийлж байна.

  1. Монгол Улсын нэгдсэн бодлого гаргах, хөгжлийн бодлого төлөвлөлт нэгдсэн байх үндэс суурийг бүрдүүллээ.
  2. Сонгуулийн санал хамгийн багаар гээгдэх пропорциональ элементийг оруулж өгөв.
  3. Жендерийн тэгш байдлыг чухалчлан, хүйсийн квотыг үлэмж нэмэгдүүллээ.
  4. Олон нам парламентад орох үүд хаалгыг нээж өгч байна.
  5. Шударга сонгууль явагдах нөхцөлийг бүрдүүлэв.
  6. Гадаадад буй Монголчууд саналаа өгөх эрхийг баталгаажуулж өгөв.
  7. Сонгууль хийх, нэр дэвшин сонгогдох зардлыг бууруулах, эмэгтэйчүүд залуучууд их хуралд сонгогдох боломж бүрдлээ.

Өнгөрсөн 8 удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн дийлэнх олонх мажоритар системээр явагдсан. 2000 оны ээлжит сонгуулиар нийт сонгогчдын 51.5 хувийн саналыг авсан МАХН Улсын Их Хурлын 76 суудлын 95 хувь буюу 72 суудлыг авсан бол 24.1 буюу нийт сонгогчдын дөрөвний нэгийн саналыг авсан Ардчилсан нам 1 суудал авч байжээ. 2016 онд нийт сонгогчдын 46.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 65 суудал буюу нийт суудлын 85.5 хувийг, харин 34.2 хувийн санал авсан Ардчилсан нам 9 буюу нийт суудлын 12 хувийг тус тус авч байв.

Энэ парламент бүрдсэн 2020 оны Улсын Их хурлын ээлжит сонгуульд сонгогчдын 45 хувийн санал авсан МАН нийт суудлын 82 хувийг авсан бол нийт сонгогчдын 24 хувь буюу дөрвөн сонгогч тутмын 1-ийн саналыг авсан АН 11 суудал авчээ. Энэ мэтээр сонгуулийн үр дүн савалж, иргэд сонгогчдын санал гээгддэг муу жишиг мажоритар тогтолцоонд ихээр агуулагдаж байна. Ийм учраас Ардчилсан намын бүлэг сонгуулийн тогтолцоонд пропорциональ элементийг оруулах шаардлагатай гэж үзэж уг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгалаа.

Гэвч ард иргэдийн дунд очих нүүргүй, ирэх эрхгүй улс төрчид намын жагсаалтанд нуугдаж, үүдээр гаргасныг тооноор оруулж ирэх гэж байна гэсэн хардлага, эргэлзээ бий тул жагсаалтаар сонгогдох гишүүдийн тоог 28 байхаар зааж, тэдгээрийг нам хаалттай хүрээнд жагсаах бус иргэдийн саналаар нээлттэй эрэмбэлж өгөхөөр зааж өглөө. Ийнхүү 2012 оны Улсын Их хурлын сонгууль явагдсан жишгээр томсгосон тойргоос 48 гишүүн, намын жагсаалтаар ард иргэдээс эрэмбэлэгдсэн 28 гишүүн байхаар хуулийн төсөл өргөн барилаа.

Дан мажоритар тогтолцооны нэг сул тал нь сонгогдоход санал гээгдэх явдал байдаг бол сонгогдсны дараа тойргийнхоо асуудлыг шийдэх эрэлт, хэрэгцээний үүднээс улсын нэгдсэн хөгжлийн бодлого гаргах, мөрдүүлэхэд тодорхой хэмжээгээр саад тотгор бий болох явдал байгааг тодорхой хэмжээнд сааруулахад намын жагсаалт зохих нөлөө үзүүлнэ гэж харж байна.

Жендэрийн тэгш байдал бол зөвхөн аль нэгэн хүйс, хэн нэгэн хүмүүсийн тухай асуудал биш нийгмийн асуудал, хөгжлийн шалгуур үзүүлэлт, ардчиллыг тодорхойлгох хамгийн чухал үнэлэмжүүдийн нэг боллоо. Ийм учраас төлөөлөл нь хангагдахгүй байгаа бүлгийн эрхийг хангах, төлөөллийг нэмэгдүүлэх нь тогтвортой хөгжилд хүрэх боломж гэж дэлхий нийтээр үзэж байна.  Олон Улсын Парламентын Холбооны нэгдсэн мэдээллээс үзэхэд 2021 оны байдлаар нийт улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нь дунджаар 25.8 хувьтай байхад Монгол Улс 17.1% байгаа нь Азийн бүс нутгийн дунджаас доогуур үзүүлэлтэй байна. Ардчилсан намын бүлгийн зүгээс хүйсийн квотыг зөвхөн эмэгтэйчүүдийг албан тушаалд дэмжих тухай асуудал гэж үзэлгүйгээр асуудлыг том зургаар харах цаг нь болсон гэж үзэж эмэгтэй квот 40 хувь байх, тэр тусмаа намын жагсаалтад 1:1 байхаар оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Өнгөрсөн 30 гаруй жилд 8 удаагийн сонгууль болж, 30 гаруй нам эвсэл сонгуульд орж байсан ч Улсын Их Хуралд суудал авсан намын тоо 5-аас хэтрэхгүй байсаар байна. Ийм учраас суудал хуваарилах босгыг намын хувьд 3, эвслийн хувьд 5 хувь байх саналыг хуулийн төсөлд орууллаа. Үүний үр нөлөөгөөр олон олон намууд парламентын босго алхан өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Сонгуулийн тогтолцоог зөв сонгохоос дутуугүй ач холбогдолтой нэгэн зүйл бол сонгуулийг шударгаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх юм. Ийм учраас сонгуулийн үеийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлж, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгохоор хуульчлан зааж өгөхөөр тусгалаа.

Жил бүр өсөн нэмэгдэж буй гадаадад сурч, суурьшин буй иргэдээ Монгол төрийн сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэн, тухайн улсынхаа Элчин сайдын яаманд очин намын жагсаалтанд дэвшсэн нэр дэвшигч болоод намд саналаа өгөх боломжийг бүрдүүллээ. Ингэснээр олон талын төлөөлөл Улсын Их Хуралд дэвших, сонгох боломж бодитоор бүрдэнэ. Энэ нь сонгуулийн зардлын өндөр босгыг буулган, олон бүлгийн төлөөлөл УИХ-д бодитоор сонгогдох замыг нээж өгч байна гэж бид үзэж байна хэмээн танилцуулав.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд сонгуулийн тогтолцоо, тойрог, үүнтэй холбоотой гарсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх квот, намаасаа нэр дэвшээгүй гишүүд өөр намаас нэр дэвших асуудал, сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ.

Уг хуралдаанаас гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. …” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргасан талаар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно

Огноо:

,

Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто замыг бүрэн шинэчлэх юм. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэлийн шалтгааныг арилгах, нийтийн тээвэр хоорондын зайг алдагдуулахгүй байх зорилгоор 2022 оноос эхлэн зам дагуух зогсоолуудыг үе шаттай хааж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж байлаа. 

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ иргэдэд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд авто замыг засварлан шинэчилж байна. Харин асфальтбетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Огноо:

,

Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиглаж, “Токи.мн, Ленд.мнь Hipay” зэрэг зээлийн аппликейшны эрх нэмэгдүүлнэ" гэх зар оруулж хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч тухайн мэдээллээр иргэдийн цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, олон удаагийн үйлдлээр зээл авч залилах, хулгайлах гэмт хэргийг үйлдэн их хэмжээний ашиг олж, амьдралын эх үүсвэрээ болгосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Шалгалтын явцад гэмт этгээдүүд нь тухайн үйлдлийн аргыг ашиглаж, олон иргэдийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх нэр бүхий цахим фэйсбүүк хаягтай холбогдон зээлийн аппликейшны эрхээ нэмэгдүүлэх гэж хувийн мэдээллээ өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагын 8822-2255 дугаарт холбогдохыг зөвлөлөө.

Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж таныг санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг гэдгийг ямагт анхаарч, таатай санал бүхий мэдээллүүдэд хянуур байж, дээр дурдагдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа

Огноо:

,

Улаанбаатар хотын хүн ам өсөх тусам тээвэр логистикийн цогц, шинэлэг шийдэл хэрэгтэй болсон. Тиймээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм.

Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүдтэй өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд уулзаж, санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг хийлээ. “Хүннү хотын тээвэр логистикийн бүсийн хөгжлийн стратеги” хэлэлцүүлгээр оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тээвэр логистикийн төвийн төлөвлөлтөд тусгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллана.

Хэлэлцүүлгийн үеэр хотын дарга Х.Нямбаатар үг хэлэхдээ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоогийн суурьшлыг задлах дагуул хотын төлөвлөлтийг тусгасан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хотод тээвэр логистикийн бүсийг бий болгох нь олон давуу талтайг онцоллоо.

Өнөөгийн Улаанбаатар тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж багатай, ажиллагаа ихтэй. Төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг. Нэг чингэлэгт ногдох зардал өндөр. 10 терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй. Терминалууд дээр буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг. Логистик компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй боловч нийслэлд зай талбай байхгүй. Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Хэлэлцүүлэгт Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн төлөвлөлт”,  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тээвэр, логистикийн төлөвлөлт”, Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин: Боломж ба сорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар дараах ач холбогдолтой.

  • Монгол Улсын худалдаа, тээврийн дэд бүтцийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
  • Тээвэр логистикийн зардлыг бууруулж, эдийн засаг, бизнесийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх,
  • Олон улсын техник, технологийг нутагшуулан, хотын доторхи ачаа урсгалыг зохион байгуулах,
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төмөр замын эрчмийг зохицуулах,
  • Логистик төвүүдийн агуулахуудыг хотоос гаргаж, хадгалалтын зардлыг бууруулах,
  • Орон нутаг руу чиглэсэн барааны урсгалыг хотын гадна талд төвлөрүүлэх давуу талтай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/05/02

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй...

Тод мэдээ2025/05/02

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Тод мэдээ2025/05/02

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниуд...

Тод мэдээ2025/05/02

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшу...

Тод мэдээ2025/05/02

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автоб...

Өнөөдөр2025/05/02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/

Өнөөдөр2025/05/02

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/02

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/02

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Тод мэдээ2025/05/01

Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейца...

Тод мэдээ2025/05/01

“Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэли...

Тод мэдээ2025/05/01

Тавдугаар сарын 15-наас МҮОНТВ, Гандан, ТБД Андууд орчмын халуун ус ...

Тод мэдээ2025/05/01

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр т...

Тод мэдээ2025/05/01

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 бол...

Тод мэдээ2025/05/01

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1099 албан тушаалтныг хамруулав

Өнөөдөр2025/05/01

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/01

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар..

Өнөөдөр2025/05/01

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Тод мэдээ2025/04/30

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүл...

Тод мэдээ2025/04/30

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Тод мэдээ2025/04/30

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэ...

Тод мэдээ2025/04/30

Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг...

Тод индэр2025/04/30

Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ...

Өнөөдөр2025/04/30

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/04/30

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/04/30

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Өнөөдөр2025/04/29

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/29

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/04/29

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/04/29

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсн...

Санал болгох