Тод мэдээ
АТГ: 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 4 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 64 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 835 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 805 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;
- Булган аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх;
- ГССҮТ-ийн удирдах албан тушаалтан “П” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэх;
- “Э” нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 70,000,000 төгрөгийн хахууль авсан гэх;
- Хөвсгөл аймгийн ...-р цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “М” нь хөрөнгө завшиж, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн албан тушаалтан “Э” нь хийх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
- Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгө завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
- Дорнод аймгийн Дашбалбар сумын удирдах албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Төв аймгийн Зуунмод сумын удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
- Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар мэдээллийг олон нийтийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Улсын Ерөнхий Прокурорын газраас гаргасан аргачилсан заавар, журмыг баримтлан мэдээлэл өгөх шаардлагатай бөгөөд тодорхой нэг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн нэрийг шууд зарлах боломжгүй.Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС