Тод мэдээ
Б.Энх-Оргил "ONE championship"-ийн анхны тулаанаа Филиппиний Адонис Севилленотой хийнэ

Степпе Арена-Мөсөн өргөөд өнгөрсөн жилийн 11-р сарын 26-нд ONE championship холбооны Road to ONE-Mongolia холимог тулааны тэмцээн болж, олон улсын тамирчид шүүгчид оролцсон билээ. Энэ тэмцээнд “Шандас ММА” клубын тамирчин Б.Энх-Оргил ялалт байгуулж, ONE championship холбоотой 100 мянган долларын гэрээ байгуулах эрхээр шагнуулсан юм. Б.Энх-Оргил ийнхүү дэлхийн холимог тулааны хамгийн том дэвжээ болох ОNE Championship-ийн рингэнд өрсөлдөх болсон бөгөөд түүний анхны тоглолтын тов гарлаа.
Тайландын нийслэл Бангкок хотын алдарт Лумпини стадиумд энэ сарын 21-ны өдөр Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой тулалдахаар болов. Лумпини стадиумд ONE Fight Night-9 арга хэмжээний үеэр Б.Энх-Оргил олон улсын дэвжээнд анхны тулаанаа ийнхүү хийх нь ээ.
Road to ONE-Mongolia тэмцээний аварга, 34 настай Б.Энх-Оргил мэргэжлийн түвшинд 7 ялалт, 2 ялагдалтай бол түүний өрсөлдөгч Филиппинд зохиогдсон ONE Warrior Serios тэмцээний аварга, Арслан хочит, 29 настай Адонис Севиллено бөгөөд сонирхогчийн зэрэглэлд нэг ялалт, мэргэжлийн түвшинд 2 ялалт, 3 ялагдал хүлээж байжээ. Адонис Севиллено нь Филиппины олон шилдэг тамирчдаас шалгарч, манай тамирчинтай адилхан гэрээгээр шагнуулсан билээ.
Тод мэдээ
Тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулах ажлын хүрээнд ААН-үүдийн үйлдвэртэй танилцаж, туршлага судлав
Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина.
Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм.
Уг төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн үйлдвэр, терминалтай танилцлаа.
Энэ үeэр "Ти Ай Ложистик" XXK-ийн Тээврийн газрын захирал П.Ариунзаяа “Манай компани үүсгэн байгуулагдаад 14 жил болж байна. Импорт, экспортын бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах, гаалийн хяналтын бүс болон олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн хувьд НЗДТГ-ын ажлын хэсгийн зүгээс Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар бидэнтэй уулзаж, манай үйл ажиллагаатай танилцлаа.
Хүннү хотын логистик төвийг олон улсын стандартад нийцүүлсэн жишиг төв болгож хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Иймд, одоогийн үйл ажиллагаагаа илүү сайжруулж, хамтран ажиллахад бэлэн байна” гэв.
"Ландбридж" ХХК-ийн захирал Д.Энхтүвшин “Миний хувьд тээвэр, логистикийн салбарт 27 жил ажиллаж байна. Манай компани нь 22-ын товчоо буюу СХД-ийн 36 дугаар хороонд бараа бүтээгдэхүүнийг суурьшлын бүс рүү задалж оруулах, орон нутагт түгээх агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. НЗДТГ-ын Хүннү хотыг хөгжүүлэх ажлын хэсгээс логистикийн дэд бүтэц, агуулахын чанар зэргийг цаашдын төлөвлөлтдөө оруулах зорилгоор туршлага судалж, ирж үзлээ. Энэ салбарт олон жил ажиллаж, амьдарч буй хүний хувьд Хүннү хот болон нийслэлийн захын дүүргүүдэд түгээлт, ачаа бараа боловсруулах дэд бүтэц сайжраасай гэж хүсдэг. Энэ талаараа бид өөрсдийн хийсэн бүтээснийг үзүүлж, мэддэг чаддаг бүхнээ зөвлөлдөж байгаадаа баяртай байна” гэв.
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Тээвэр логистикийн төвийг Хүннү хотод нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр өдрийн өмнө энэхүү үйлчилгээг үзүүлдэг ААН-үүдтэй хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн хүрээнд тодорхой саналууд гарсан учраас энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг ААН-үүд дээр ирж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Хотод төвлөрсөн логистикийн хөдөлгөөнийг сааруулахад аж ахуй эрхэлж байгаа компанийн захирлууд болон үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийллээ. Хамгийн чухал нь Хүннү хотод төлөвлөж байгаа байршил дээр ямар үйлчилгээг нэвтрүүлэх, терминалаа хаана үлдээх зэрэг олон бодитой ажил хэрэгч саналуудыг гаргаж байна. Тиймд, логистикийн төвийг шинээр байгуулахдаа үйлчилгээ эрхэлдэг ААНБ-ын бүх саналыг аль болох тусгаж, олон улсын стандартад нийцсэн ажил төлөвлөж гүйцэтгэнэ” гэлээ.
Тод мэдээ
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд 5000 гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар Марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд энэ төрөлд нийт 954 хүн гүйхээр бүртгүүлжээ. 5 км-ийн зайд 2451 иргэн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 794 хүн бүртгүүлсэн байна.
Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар оролцох боломжтой. Энэ төрөлд 700 хүн бүртгүүлээд байна. Бүтэн марафон буюу 42 км-ийн зайд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар гүйх бөгөөд одоогийн байдлаар 135 хүн бүртгүүлжээ.
Бүртгэлийн хураамж нь зай тус бүрээс хамааран 5000 төгрөгөөс 90,000 төгрөгийн хооронд байна. Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй. Та бүхнийг "Улаанбаатар Марафон 2025" олон улсын гүйлтэд найз нөхөд, гэр бүл, хамт олноороо оролцож, нэгэн өдрийг эрүүл мэндийнхээ төлөө үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалж байна.
Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn цахим хаягаар болон “Hipay” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олголт 2025.05.10-20-ний хооронд үргэлжилнэ.
Тод мэдээ
“Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна
ДЭМБ-аас жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдрийг “Эрүүл мэндийн ажилтны гарын эрүүл ахуй сахих дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, эрүүл мэндийн ажилтнуудад гарын эрүүл ахуйг сахихын ач холбогдлыг сурталчлан, мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэхэд чиглэсэн нөлөөлөл, сурталчилгаа зохион байгуулдаг.
Энэ 2025 онд дэлхий дахинд энэ өдрийг "Бээлийг зохистой хэрэглэе. Гарын эрүүл ахуйг сахья" уриан дор тэмдэглэх бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгуулахыг улс орнуудад зөвлөжээ. Үүнд:
-"Гарын эрүүл ахуй сахих 5 мөч"-ийг хэрэгжүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад халдвар тархахаас сэргийлэх, гарын эрүүл ахуйн зөв дадлыг түгээн дэлгэрүүлэх;
-Бээлийг шаардлагатай үед хэрэглэх нь чухал боловч энэ нь гарын эрүүл ахуйг орлохгүй, бээлийг зохистой зөв хэрэглэхийг сурталчлан таниулах;
-Бээлийг зохисгүй, хэт их хэрэглэх нь хог хаягдлыг ихэсгэж хүрээлэн буй орчныг бохирдуулдаг тул зохистой хэрэглээнд уриалах;
-Эрүүл мэндийн ажилтан бүр гарын эрүүл ахуй сахих заавар, журмыг мөрдөхийг зөвлөсөн гэж Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
-
Тод мэдээ2025/01/21
Наран сэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар Ажлын хэсэг...
-
Тод зураг2020/02/05
Ирэх даваа гарагаас НӨАТ-ын урамшууллыг буцааж олгоно
-
Тод мэдээ2022/12/22
Узбекистан улсад нийлүүлэх халал махны экспортыг нэмэгдүүлнэ
-
Тод индэр2020/06/26
АН-ын дарга С.Эрдэнэ намын даргын албан тушаалаасаа огцорлоо