Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ноён Ким Жун Гүг Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэв.
Ерөнхий сайд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын бодлоготой уялдуулан дагуул хот байгуулах туршлага, байгаль орчин, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
БНСУ-ын Элчин сайд үүрэгт ажлаа авснаас хойш анх удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж буйг онцлоод хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах тэр дундаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгосын аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг БНСУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулахаар төлөвлөж буйг ярилаа.
Тод индэр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.