Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудалд бодитой тайлбар өгөхийг дахин шаардаж, албан бичиг хүргүүллээ

Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар албан ёсны тайлбар, мэдээлэл хүсч МСНЭ–ээс Хуульзүй дотоод хэргийн сайдад хандан 2018 онд хоёр удаа албан бичиг явуулжээ. Үүний хариуг ч ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нь МСНЭ-д ирүүлсэн байна. Гэвч ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа МСНЭ энэ асуудлаар хандаагүй мэт худал ташаа мэдээлэл цацсанд харамсч байна. Мөн тус яамныхан 7 саяар хоол идсэн асуудал МСНЭ-д болон сэтгүүлчдийг тагнаж чагнасан эсэх асуудалтай ямар хамааралтайг ойлгосонгүй. Холион бантан болсон цэгцгүй, ташаа мэдээлэлдээ Д.Жанчивдорж залруулга хийнэ хэмээн найдаж байна.

Бидэнд хэн нэгнийг буруутгах, эсвэл заавал сенсааци шуугиан үүсгэх гэсэн санаа зорилго байхгүй. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэдэг асуудлыг МСНЭ ч юмуу, эсвэл хэн нэг сэтгүүлч гаргаж тавиагүй. Хуулийн байгууллагаас удаа дараа мэдэгдэл, мэдээлэл хийж байгаа учраас бид асуудлыг тодруулах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байна. 2018.04.26-нд Нийслэлийн прокурор анх сэтгүүлчийг тагнаж чагнасан хэргийн тухай мэдээлэл хийсэн. Энэ дагуу бид Хуульзүй дотоод хэргийн сайд болон ТЕГ-т хандсан. 2019.10.30-нд УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга “Найман сэтгүүлчийг тагнаж чагнасан” гэж мэдэгдлээ. Ийм асуудалд сэтгүүлчдийн мэргэжлийн эрхийг хамгаалах үүрэгтэй МСНЭ төрийн байгууллагаас, салбарын сайдаас албан ёсны тайлбар хүсэх нь зүйн хэрэг. Гэвч ХЗДХЯ-ны хариуцлагатай албан тушаалтан илтэд унтууцсан өнгө аястайгаар худал ташаа мэдээлэл түгээж, олон нийтэд болон сэтгүүлчдийн дунд эргэлзээ үүсгэж буй нь байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.

УИХ-ын хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ЦЕГ–ын дарга С.Баатаржав нар болон Нийслэлийн ерөнхий прокуророос сэтгүүлчдийг хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудалд бодитой тайлбар өгөхийг дахин шаардаж, албан бичиг хүргүүллээ.

ХЗДХЯ болон ТЕГ-аас сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудалд 2018 онд ирүүлсэн тайлбар албан бичгүүдийг танилцуулж байна.



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *