Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ

“Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг өнөөдөр буюу энэ сарын 16-нд нээнэ.

Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол Улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөжээ.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байна.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц нь баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *