Толгой өвдөлтөөс сэргийлж болох уу

Толгой өвдөлт нь хүмүүст хамгийн өргөн тархалттай зовиур, шаналгаа бөгөөд амьдралын турш нийт хүн амын 90 хувиас дээш хувьд толгой өвдөх зовиур илэрсэн байдаг. 

Толгой өвдөлтийг гарал үүслээр нь анхдагч ба хоёрдогч гэсэн хоёр бүлэгт хуваана. Анхдагч толгой өвдөлтийн үед үзлэг, шинжилгээгээр ямар нэг органик шалтгаан олдохгүй. Анхдагч толгой өвдөлтөд мигрень, хүчдлийн толгой өвдөлт, толгойн багцалсан (кластер) өвдөлт зэрэг тархины бүтцийн өөрчлөлттэй холбоотой бус эмгэгүүд хамаардаг. Харин хоёрдогч буюу шинж тэмдгийн толгой өвдөлт нь тархи болон тархины мэнэн бүрхэвчийн үрэвсэл, тархины буглаа, аалзавч бүрхүүлийн доорх цус харвалт, гавал тархины гэмтэл, хавдар, хамрын дайвар хөндийн үрэвсэл, хордлого зэргийн улмаас үүснэ.

Дараах толгой өвдөлтүүд зонхилон тохиолддог.

  • Хүчдлийн (булчин чангарлын) толгой өвдөлт
  • Мигрень
  • Архаг өдөр тутмын толгой өвдөлт

Хүчдлийн толгой өвдөлт Гавлын гадна талын хөндлөн судалт булчин чангарсантай холбоотой үүснэ. Тархалт хүн амын дунд 78%-ийг эзлэх бөгөөд ихэвчлэн оюуны хөдөлмөр эрхэлдэг, толгой хүзүү нэг хэвийн байрлалд удаан хугацаагаар сууж ажилладаг эсвэл стресс, ачаалал, нойргүйдэлтэй хүмүүст зонхилон тохиолдоно.

Шинж тэмдэг:

  • Толгой бүхэлдээ эсвэл дагз-зулай, зулай-духны орчимд хөших, дүйрэх, дарсан, багласан мэт өвдөлт
  • Хөнгөнөөс дунд зэргийн хүчтэй өвдөлт
  • Өвдөлт биеийн хүчний ачааллаар дордохгүй байх
  • Толгой, хүзүү, мөрний булчин хөндүүрлэж, эмзэглэлтэй болж болно.

Мигрень: Удамшлын шалтгаантай судас зохицуулгын өөрчлөлтийн улмаас үүснэ. Тархалт хүн амын дунд 16%-ийг эзэлдэг. Эмнэлзүйн үндсэн шинж тэмдэг нь толгой таллаж, лугшиж хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт ихэвчлэн нүдний ухархай, дух-чамархайн орчимд төвлөрөн, толгойн нэг талыг хамарна. Ихэвчлэн гэрэл, дуу чимээ, хөдөлгөөнд сэдэрдэг. Зарим хүмүүст дотор муухайрах, бөөлжих зовиур илэрнэ. Мигрений толгой өвдөлт нь хэдэн цагаар үргэлжилдэг бөгөөд 3 хүртэлх өдөр үргэлжилж болно.

Архаг өдөр тутмын толгой өвдөлт: Нийт хүн амын 3% нь архаг өдөр тутмын толгой өвдөлттэй байдаг. Толгой өвдөлт сард 15-аас дээш хоногоор, гурваас дээш сарын турш илэрвэл архаг өдөр тутмын толгой өвдөлт гэнэ. Архаг өдөр тутмын толгой өвдөлт нь толгой өвдөлтийн биеэ даасан хэлбэр биш бөгөөд дээрх шинж тэмдэгтэй хүмүүс нь мигрень, булчин чангарлын толгой өвдөлттэй байдаг. Зарим тохиолдолд давтамж ихтэй толгой өвдөлт нь өвчин намдаах эмийг хэтрүүлэн хэрэглэснээс болж эмээс хамааралтай толгой өвдөлтийг үүсгэдэг байна.

Эмээс хамааралт толгой өвдөлтМигрень, багцалсан болон хүчдлийн толгой өвдөлттэй хүмүүс эмчийн зааваргүйгээр өвчин намдаах эмийг хэтрүүлэн хэрэглэснээс өвчин намдаах эмэнд хамааралтай болж эм уухгүй бол толгой өвдөж, тэгснээр илүү их эм хэрэглэх зэрэг буруу дадал үүсдэг.

Эмийн хамааралт толгой өвдөлттэй хүмүүст дараах зөвлөмжийг баримтална.

  • Буталбиталын хослол (Fiorinal, Fioricet, Esgic), наркотик (мансууруулах) эмээс бүрэн татгалзах
  • Триптан (Imitrex ба бусад), аспирин/ацетаминофен/кофейны хослолыг (Excedrin) сард есөн хоногоос илүү хэрэглэхгүй байх
  • Стеройдын бус үрэвслийн эсрэг эмийг (Ibuprofen, Advil, Motrin, Aspirin) сард 15 ширхэгээс илүү хэрэглэхгүй байх
  • Ацетаминофеныг (Tylenol) долоо хоногт хоёроос илүү хэрэглэхгүй байх

Аюултай толгой өвдөлтийн шинж тэмдэг: Дараах толгой өвдөлт илэрвэл яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Гэнэт үүссэн, хэдэн секунд, минутын дотор өвдөлт хүчтэй болсон, амьдралдаа тохиолдсон хамгийн хүчтэй толгой өвдөлт гэж дүрсэлж байвал
  • Хүчтэй толгой өвдөлт, халууралт ба хүзүүний хөшингөтэй хавсарч байвал;
  • Уналт таталт, зан төрхийн өөрчлөлт, ухамсарт ухааны алдагдалтай хавсарвал;
  • Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийсний дараа, бага хэмжээний гэмтлийн дараа хурдан хугацаанд эхэлсэн бол;
  • Шинэ толгой өвдөлт илэрсэн, ялангуяа жирэмсэн эсвэл 40-өөс дээш настай бол;
  • Мөчдийн сулрал, бадайрал, харааны өөрчлөлттэй хавсарч илэрвэл яаралтай эмнэлэгт хандана.

Толгой өвдөлт ба тархины хавдарТархины хавдартай хүмүүсийн ойролцоогоор 50%-д толгой өвдөх зовиур илэрдэг. Архаг толгой өвдөлттэй хүмүүст тархины хавдар үүсч болох ба толгой өвдөлтийн төрх өөрчлөгдөх, илүү хүчтэй болох, дотор муухайрах , бөөлжих шинж тэмдэг хавсарвал мэдрэлийн эмчид үзүүлж онош тодруулах хэрэгтэй.

Толгой өвдөлтөөс сэргийлж болох уу

Архаг толгой өвдөлттэй хүмүүс толгой өвдөлтийн хуанли хөтөлснөөр толгой өвдөлтийн сэдрээгч хүчин зүйлсээ таньж, зайлсхийснээр толгой өвдөлтийн давтамжаа бууруулах боломжтой.

Толгой өвдөлт сэдрээх хүчин зүйл:

  • Стресс
  • Хоол алгасах, хэт бага хоол идэх
  • Кофейн хэт бага эсвэл хэт их хэрэглэх
  • Хэт их эсвэл хэт бага унтах
  • Архи хэрэглэх
  • Зарим төрлийн хоол хүнс (улаан вино, бяслаг, шоколад, самар, өндөг, улаан лооль, цитрус, өөхтэй хоол

Толгой өвдсөн үед ямар арга хэмжээ авах вэ 

  • Хөнгөн зэргийн эрчимтэй өвдөлт байвал аль болох өвчин намдаагч эмээс татгалзах, халуун цай, кофе уух, агаарт гарах, унтах, өөртөө цэгэн массаж хийх гэх мэт арга хэмжээг авна. Мигреньтэй хүмүүс харанхуй, сэрүүн, чимээгүй өрөөнд орж хэвтэх нь үр дүнтэй.
  • Дундаас хүчтэй өвдөлттэй бол эмчийн зөвлөсөн өвчин намдаагч эмийг ууна.

Дүгнэж хэлэхэд, толгой өвдөх зовиур илэрсэн хүмүүс мэдрэлийн эмчид үзүүлж толгой өвдөлтийн хэлбэрийг тогтоолгож, өөрийн өвдөлтийг хянах арга, толгой өвдөлтийн хуанли хөтлөх арга зүй, толгой өвдөлтийн сэдрээгч хүчин зүйлсээ таних, урьдчилан сэргийлэх, эмийн эмчилгээний зөвлөгөө авах нь зүйтэй. Хэрвээ өвдөлтийн давтамж олон, хөдөлмөрийн чадвар алдагдуулж байвал урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Эх сурвалж: Интермед эмнэлэг



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *