ГХЯ, МҮХАҮТ-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурав.

Хоёр байгууллагын хооронд хамтран ажиллах Санамж бичгийг анх 2013 онд  байгуулсан бөгөөд Санамж бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр хамтран гаргаж хэрэгжүүлдэг.

Энэ удаа шинэчлэн байгуулсан Санамж бичигт хоёр байгууллага “Монгол Экспорт” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг гадаадад сурталчлан таниулах, Монголын брэнд бүтээгдэхүүн бий болгох хүрээнд олон улсын үзэсгэлэн, холбогдох арга хэмжээг хамтран зохион байгуулж, мэдээлэл солилцох, ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, худалдааг хөгжүүлэх нэг цонхны бодлогыг хамтран хэрэгжүүлэх, Монгол Улсаас бусад улстай байгуулж буй хоёр талын болон бүс нутгийн Чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг бизнес эрхлэгчдэд сурталчлах, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг чиглэлд хамтран ажиллах талаар тусгав.

Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, зохицуулалтыг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллага болох ГХЯ болон бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой болж төлөөллийг хэрэгжүүлдэг гол байгууллага болох Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хооронд хамтын ажиллагаагаа бэхжүүлж буй нь  манай улсын  гадаад худалдааны бараа эргэлт, экспортын  өсөлтийг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, гадаад зах зээлийг тэлэхэд чухал ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *