Хуримтлагдсан адууны ширийг эргэлтэд оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулах боломж бүрдүүлэхийг сайд Ч.Улаанд үүрэг болгов.

Харин стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалах боллоо. Биржээр арилжсан адууны ширийг экспортлох үед хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын болон Гаалийн ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо.

Өнөөдрийн байдлаар түүхий эдийн “Эмээлт” захад 600 мянган ширхэг адууны шир хуримтлагдаад байна. Энэ нь дотоодын үйлдвэрүүд гар аргаар төхөөрөх үед гарсан эсгэлтийн гэмтэлтэй шир авдаггүй, механик гэмтэлтэй ширийг үйлдвэрийн аргаар боловсруулах технологи дутмаг зэрэгтэй холбоотой юм. Тухайлбал 100 ширхэг адууны ширний 80 гаруй нь механик гэмтэлтэй байдаг гэсэн судалгаа ч гарчээ.

Ширийг экспортод гаргавал  дэл, сүүлтэй нэг ширний үнэ одоо байгаа 10-12 мянган төгрөгнөөс 45-50 мянга болж өсөх боломжтой гэж тооцоолж байна. Малын түүхий эд экспортлогчдын холбоо боловсруулаагүй, бэлэн байгаа адууны ширийг экспортод гаргах хүсэлтээ сүүлийн хоёр жил дараалан ХХААХҮЯ-нд ирүүлж байжээ.  Манай улс жилд 300-350 мянган адууны шир бэлддэг бөгөөд 30-40 мянган ширээр төрөл бүрийн гутал үйлдвэрлэдэг байна.



Сэтгэгдэл

Энэхүү нийтлэлд (0) байна

Таны нэр: *

Сэтгэгдэл: *