Тод мэдээ
Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонслоо.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын Төсвийн байнгын хорооны "2021 оны аудитын сэдэв батлах тухай" 6 дугаар тогтоолын дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголт сэдэвт аудитыг гүйцэтгэж, дүгнэлт, зөвлөмжийг гаргасныг дурдлаа.
Мөн аудитад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлага түүний харьяа хамгаалалтын захиргаад, Богд хан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар болон төрийн холбогдох эрх бүхий байгууллагуудын 2019-2022 оны гуравдугаар улирлын байдлаарх газар олголт, газар ашиглахтай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг түүвэрлэн хамруулсан гэв.
Аудитын дүнгээс товч танилцуулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын мэдээллийн сангийн 2022 оны 10 дугаар сарын байдлаарх мэдээллээр улсын хэмжээнд дархан цаазат газар нутагт өмчлөх хэлбэрээр 127 байршилд 1.5 га, эзэмших хэлбэрээр 1407 байршилд 2364.5 га, ашиглах хэлбэрээр 1775 байршилд 5848.3 га газар олгосон байна. Байгалийн цогцолборт газарт өмчлөх хэлбэрээр 1582 байршилд 361 га, эзэмших хэлбэрээр 3659 байршилд 16109.9 га, ашиглах хэлбэрээр 1870 байршилд 131285.3 га газар олгосон байна. Тусгай хамгаалалттай газар нутагт 2021-2022 онд үйл ажиллагаа явуулсан 601 иргэн, хуулийн этгээдтэй газар ашиглах гэрээг байгуулаагүй, 436 иргэн, хуулийн этгээдийн гэрээний биелэлтийг дүгнээгүй байна. Богд хан уулын дархан цаазат газарт 40853.5 сая, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 1089.9 сая, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 35.5 сая төгрөгийн газрын төлбөрийг төвлөрүүлээгүй байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого жил бүр 10-13 хувь нэмэгдэж байгаа боловч зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх нь тодорхойгүй. Тухайн төсвийн жилд орон нутгийн төсөвт төвлөрсөн орлогоос хуульд заасны дагуу хамгаалах болон нөхөн сэргээх зардалд заасан хувиар санхүүжүүлээгүй байна. Тухайлбал, 2021 онд байгалийн нөөц ашигласны төлбөрөөс 46.6 тэрбум төгрөг зарцуулахаас хуулийн хэрэгжилт 26.2 хувьтай байгааг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулгадаа онцолсон.
Мөн тэрбээр аудитын дүгнэлтийг танилцууллаа. Үүнд; Тусгай хамгаалалттай газар нутагт газрын ерөнхий төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүйгээр газар олгосон нь газар нутгийг хамгаалах үндсэн зорилтыг хангаагүй. Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын зорилтыг хангаж чадахгүй байна. Түүнчлэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрын улсын бүртгэл, тоо бүртгэл, чанар, үнэлгээ, төлбөр, шилжилт хөдөлгөөн, газар хамгаалах талаар авсан арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрээр тусгах ажлыг хэрэгжүүлэхдээ төрийн бусад байгууллагатай уялдаа холбоогүй ажилласнаас газрын мэдээллийн нэгдсэн санг бүрэн хөтлөөгүй мэдээлэл зөрүүтэй байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдаж, 1997-2022 оны хооронд 15 удаа нэмэлт өөрчлөлт орсон ч холбогдох харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаагаас нийгэм, эдийн засаг, хот төлөвлөлт, хүн амын өсөлт зэрэг өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай байгааг дурдаж байв.
Аудитын дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд хоёр асуудал толилуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 10 зөвлөмж өгсөн гэв.
Аудитын тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир, Ж.Батжаргал, Г.Дамдинням, Г.Мөнхцэцэг, Н.Ганибал, Г.Ганболд, Б.Саранчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс аялал, жуулчлалыг дэмжих хүрээнд тусгай хамгаалалттай газар болон байгалийн цогцолборт газарт жуулчны түр буудаллах отог, цэг байгуулах эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлж буй талаар болон тусгай хамгаалалттай газар нутагт газар ашигласны төлбөр төлөөгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч буй, эсэх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг Газрын тухай багц хуультай хамтатган хэлэлцэх шаардлагатай талаар илүүтэй тодруулж байлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хариултдаа, аялал жуулчлалыг дэмжих хүрээнд жуулчны түр отоглох цэг байгуулахтай холбоотойгоор Аялал, жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлснийг онцлов. Түүнчлэн эдийн засгийн эргэлтийг сайжруулах хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгуудад отоглох цэг байгуулах, тус цэгийг менежментийн хүрээнд хуулийн этгээд буюу хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, нөгөөтээгүүр салбарын яам болон тусгай хамгаалалтай газар нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч, тусгай хамгаалалтын захиргаад нь зөвхөн хамгаалалт, хяналтын ажлаа хийх чиг үүрэг хүлээх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэж байлаа.
Мөн тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Газрын багц хуультай хамтатган өргөн барих болсон үндсэн суурь шалтгаан нь газартай холбоотой асуудлыг нэг мөр цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд газрын харилцаатай холбоотой хуулиуд тус тусдаа батлагдсанаас хууль хоорондын хийдэл, зөрчлүүд үүссэн. Иймд зайлшгүй Газрын багц хуультай өргөн барих нь зүйтэй гэсэн чиглэлийг Засгийн газар дээр ярилцсан" гэв.
Харин Үндэсний аудитын газрын Гүйцэтгэл нийцлийн аудитын газрын захирал Д.Энхболд хариултдаа, өмнө нь өгсөн аудитын зөвлөмжийн хэрэгжилт 50-иас дээш хувьтай байгаа тул эрчимжүүлэх зөвлөмжийг өгсөн. Хэрэв зөвлөмжийн дагуу ажил хийгээгүй нөхцөлд дараагийн шатны сахилгын арга хэмжээ авахаар Төрийн аудитын тухай хуульд заасан. Бид 41.9 тэрбум төгрөгийн актыг тавьсан бөгөөд актыг заавал хэрэгжүүлэх хуулийн заалттайг онцолж байлаа.
Хуралдаан төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Саранчимэг байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчны хийдэл, зөрчлийг арилгах талаар салбарын яам Байгаль орчны багц хуулиа яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэхийг хүсээд аудитын дүгнэлтэй холбогдуулж Байнгын хорооны тэмдэглэлээр тодорхой үүрэг өгч, зөвлөмжийг хэрэгжилт хэр байгаа талаар дахин хэлэлцэж, хуралдахыг мэдэгдэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Тод индэр2020/09/01
Хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадам Т. Амар-Амгалан тэргүүн байр эзэл...
-
Тод мэдээ2025/02/10
Автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол иржээ
-
Тод мэдээ2021/02/15
Шинжилгээ авах дүүргүүдийн хуваарь
-
Тод мэдээ2023/05/03
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ оны 17 дахь дугаар хэвлэгдлээ