Хэн юу хэлэв...
Г.Занданшатар: Төрийн албаны нэр хүндийг өргөхийн тулд ёс зүйг хуульчлахыг зорьж байна
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2022 оны 05 дугаар сарын 27-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.
Өргөн мэдүүлсэн цагаас хойш Улсын Их Хурлын даргын 2022 оны 193 дугаар захирамжаар уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгээс эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан бол 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хоёр дахь хэлэлцүүлэг Төрийн ордонд болж, УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэллээ.
Тэрбээр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн хуулийн хэрэгцээ шаардлага юу байв, ёс суртахууныг хуульчилснаар нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлэх тухай болон ёс зүйн зарчмын талаар дэлхий нийтийн баримталж буй чиг хандлагыг танилцуулсан.
Тэрбээр, нэн тэргүүнд ёс суртахууны хэм хэмжээ алдагдах үндэс шалтгаан нь юу юм бэ гэдгийг бодох ёстой гээд 1992 он буюу шинэ Үндсэн хууль батлагдах хүртэл уламжлал дээр тулгуурласан ёс суртахууны хэм хэмжээ үйлчилж байсан. Харин 1992 оноос өмнө нь мөрдөгдөж байсан уламжлалт ёс суртахууны хэм хэмжээ шилжилтийн явц буюу шинэ зах зээлийн нийгэм бүрэлдэх үед алдагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, уламжлалт ёс суртахууны хэм хэмжээ бол зөвхөн хуучин социализмын үеийнх гэж ойлгогдоод шилжилтийн шинэ цагт дураараа авирлах анархист байдалд хүрсэн. Ингэснээр нийгмийн бүх эрх зүйн хэм хэмжээ доройтсон гэсэн ерөнхий дүгнэлтийг гаргаж байгаа юм. Тиймээс ёс суртахууны хэм хэмжээ тогтоохын тулд зайлшгүй хуульчлах шаардлагатай гэж үзсэн гэв.
Мөн тэрбээр монголчуудыг Азидаа хоёр дугаарт орох хамгийн агуу зан заншлын хуультай улс гэж Томас Гиннесбург хэлсэн үгийг иш татаад өнөө цагт зан заншил нь даяарчлал хийгээд шилжилтийн эрин үед алдагдаад байгаа учраас хуульчилж, улмаар зан заншил мэт мөрдүүлэхээс өөр аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, ёс зүй алдагдсанаас болоод төрийн албаны нийт нэр хүндийг унагаад байна. Төрийн албаны шударга албан хаагчид чин шударгаар ажиллаж төрдөө зүтгэж байгааг үгүйсгэж болохгүй. Мөн Монголын төр тэр чигээрээ ёс зүйгүй болчихсон юм байхгүй гэв.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж үр дүнтэй батлах зорилготой буйгаа УИХ-ын дарга онцоллоо. Гэхдээ хууль баталж, төрийн албан хаагчдаа чангалах гэсэн зүйл биш. Харин төрийн албаныхаа нэр хүндийг өргөхийн тулд хуульчлахыг зорьж байна гээд төрийн албанд иргэдээс өгсөн үнэлгээг танилцуулсан юм.
Төрийн албаны өнөөгийн байдалд иргэдээс өгсөн үнэлгээг авч үзвэл судалгаанд оролцогчдын 43 хувь нь төрийн албаны үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дунд зэрэг, 18 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Түүнчлэн төрийн албан хаагч ажилдаа сэтгэл гаргаж байгаа байдлыг 48 хувь нь дунд зэрэг, шударга байдалд 32 хувь, ажлын хариуцлагад 45,6 хувь нь дунд ба дундаас доош хэмээн үнэлжээ. Төрийн албан хаагчдын мэргэжлийн болон ёс зүйн талаар бодлогын шинжтэй арга хэмжээ авах шаардлагатай байна гэж судлаачид үзсэн байдаг.
Ийм учраас төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуулийг гаргах шаардлагатай гэж үзсэн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлийнхээ төгсгөлд, төрд ёс зүйг төлөвшүүлэх нь шударга төр оршихын, цаашлаад шударга, ёс зүйтэй нийгмийн харилцаа бүрэлдэн тогтохын үндэс суурь юм. Иймд бид төрийн албанаасаа эхлүүлэн ёс зүйтэй, сахилга хариуцлагыг чанд сахих тогтолцоог бүрдүүлж, нийгэмдээ манлайлал үзүүлэх ёстой. Ингэснээр төрд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх боломж бүрдэнэ. Төрд ёс зүйг төлөвшүүлэх нь шударга төр оршихын, гагцхүү хууль засагладаг, эрүүл нийгэм цогцлохын үндэс суурь юм. Төрийн алба авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид, зөвхөн ард түмэндээ үйлчилдэг байх ёстой. Энэ зарчмыг эрх, үүргээ бүрэн ухамсарласан, ёс зүйтэй төрийн алба хаагч л хэрэгжүүлж чадна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа төрийн албан хаагч Та бүхний санал энэхүү хуулийн төслийг чамбайруулж хэлэлцүүлэгт бэлдэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэж байна. Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөе гэв.
Хэлэлцүүлэгт Удирдлагын академийн багш, доктор, профессор Я.Долгоржав “Төрийн захиргааны албан хаагчийн ёс суртахууны асуудал”, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албаны дарга Д.Дуламсүрэн “Төрийн албан хаагчийн ёс зүй ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдэвт илтгэл танилцуулж, хэлэлцүүлээ.
Мөн Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг танилцуулаа гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2024/11/21
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхи...
-
Үйл явдал2024/06/12
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
-
Хэн юу хэлэв...2021/07/28
Б.Бат-Оргил: Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхийн тулд гадаад хэл, буудл...
-
Үйл явдал2025/06/04
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
