Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Ерөнхий сайд Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярын мэндийг нийт генерал, офицер, ахлагчид, хугацаат цэргийн алба хаагчдад дэвшүүлээд, дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмэн, эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархал илэрхийллээ. Дэлхий дахин, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаа, Шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцууллаа.

Монгол Улсын эдийн засаг цар тахлын дараа сэргэж буй ч тогтворгүй, авлигажсан систем улс орны дотоод аюулгүй байдалд заналхийлж, гадна талаас геополитикийн нөхцөл байдал хүндрэл учруулж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дурдаад энэ бүхэн шинэ стандартаар цааш явах хэрэгтэйг сануулж байна гэв.
Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд боомт, аж үйлдвэрийн сэргэлт, төвлөрлийг сааруулах, төрийн бүтээмжийг дээшлүүлэх томоохон төслүүд эхлээд байна. БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн боомтын сэргэлт болон төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн сэргэлтийн ажилд манлайлан оролцож байгааг Ерөнхий сайд онцлоод “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого нь Монгол Улсын ойрын 30 жилийн хөгжлийн бодлого бөгөөд эдгээрийн хэрэгжилтээс улс орны хөгжил хамаарна. Иймд БХЯ, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриаллаа.
Засгийн газраас зэвсэглэл техникийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 2024 оноос хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэх, “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг зорилт тавьж байна.




Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2025/07/02
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Үйл явдал2024/10/17
Хайлаастын шинэ эцсээс 17-н уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ...
-
Дэлхий нийтээр..2023/03/07
Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол энэ сарын 13-наас 17-ны ...
-
Дэлхий нийтээр..2021/10/27
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид тангараг өргөлөө
