Тод мэдээ
ХӨГЖЛИЙН БАНК: Нэг их наяд 113.6 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа
Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,113.6 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.
Үүнээс 757.7 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.
Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсанаас 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, 4 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл үнэт цаасаар төлөгдөөд байна.
Хөгжлийн банк нь 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 788.9 тэрбум төгрөгийн, 71 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.94 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.
Тод мэдээ
Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэнэ
2024 онд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн 3000 га-д ойн хөнөөлт, хортон шавжтай тэмцэх ажил хийнэ.
Монгол Улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд Монгол Улсад газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах сургалтад МУИС-ийн судлаачид, ЗГХА Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Америк, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол орон хөнөөлт шавжтай тэмцэхдээ дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцоллоо. Цаашид Монгол орны ойн эрүүл байдлыг хамгаалах, хадгалах талаар зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
2024 онд Богдхан уулын ойн сангийн 3000 га талбайд хөнөөлт шавжтай онгоцоор тэмцлийн ажил хийхээр төлөвлөөд байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Тод мэдээ
Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа
Тод мэдээ
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, “Буян-Од” ХХК хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулах аян өрнүүлнэ.
Энэ тухай Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг төлөөлж Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг төлөөлж тус сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд, “Буян-Од” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал В.Буянтогтох нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай бүхий “Говь хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хангайн бүсээс 4,000 ширхэг улиас, хайлаас модны тарьц, суулгац авчирч, тарьж, ургуулахаар боллоо.
Шаардагдах хөрөнгийг “Буян-Од” ХХК гаргах бөгөөд Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар усалгаа, арчилгаа, тордлогоог нь бүрэн хариуцна. “Буян-Од” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тарьц, суулгац нийлүүлэх санаачилга гаргасан юм.
Тус компани 2001-2014 онд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, 20 гаруй сая мод тарьж, ургуулан, ойн санд хүлээлгэн өгч байжээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг Ерөнхийлөгчийн Тамгын газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр хэллээ.
Сэтгэгдэл