Дэлхий нийтээр..
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-тэй уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-тэй уулзав.
Сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд Пак Жин-ий 2022 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих чиглэлээр ярьж тохирсон ажлууд бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаад баяртай байгааг илэрхийлээд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй айлчлалд БНСУ-ын ГХЯ-ны зүгээс өндөр ач холбогдол өгч, нягт хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.
Тэрбээр энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй яриа хэлэлцээ хийж, хоёр улсын бизнес аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхийн сацуу манай улсын томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг татахад чиглэсэн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв.
Иргэд харилцан чөлөөтэй зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх, эмчилгээний зорилгоор зорчих монгол иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх асуудал энэ удаагийн айлчлалын чухал зорилтын нэг болохыг дурдаад иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулан хоёр улсын Гадаад харилцааны яам, Хууль зүйн яам нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсын Засгийн газрын тэргүүний БНСУ-д хийж буй айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн солилцоог дэмжихэд чухал ач холбогдолтой, үр дүнтэй айлчлал болж буйд баяртай байгааг тэмдэглэв.
Тэрбээр Монголд элэгтэй хүний хувьд болон БНСУ-ын Гадаад хэргийн сайдын хувиар хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын ярьж тохирсон зүйлийг бодитой хэрэгжүүлэх, хоёр улсын иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд ойрын хугацаанд бодит үр дүн гаргахын төлөө онцгойлон анхаарч ажиллахаа тэмдэглэв.
Талууд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, олон улсын сонгуульд харилцан бие биеэ дэмжиж ирсэн уламжлалаа цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгааг нотлов. Пак Жин сайд Пусан хот нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаатай хот төдийгүй шууд нислэг үйлдэх замаар хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буйг дурдаад “Дэлхийн ЭКСПО-2030”-ийг Пусан хотноо зохион байгуулах эрхийн төлөөх сонгуульд Монгол Улс БНСУ-ыг дэмжихээ илэрхийлсэнд талархал илэрхийлэв.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
