Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Замын хөдөлгөөний журамд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн оны долдугаар сард Замын хөдөлгөөний удирдлагын төвд автомашин ачиж, шилжүүлэх, зөөвөрлөх чиг үүрэг шилжиж очсон бөгөөд тус газрын дарга С.Адъяасүрэн журмын өөрчлөлттэй холбоотой холбогдох танилцуулгыг хийлээ. Дээрх журмын өөрчлөлт нь иргэдийн санал дээр тулгуурласан гэдгийг тэрбээр тодотгосон юм.

2022 оны байдлаар нийт 120,459 автомашиныг зөөн шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд, үүнээс 52636 автомашиныг журамлах арга хэмжээг авчээ. Харин тээврийн хэрэгслийн ачилттай холбоотойгоор иргэдээс 154 өргөдөл гомдол ирсний 20 нь ачилтын компаниас болж хохирсон талаар байсан аж. Мөн ачигчийн харилцаа, хандлагатай холбоотой гомдол болон орон сууцны голд болон эмнэлгийн гадаа байрлуулсан автомашиныг ачсан талаарх гомдол, санал хүсэлт тодорхой хувийг эзэлж байна. Журамд оруулж буй өөрчлөлтийн тухайд зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч, өмчлөгчийг зарлан, дуудан ирүүлэх бөгөөд анх удаа зөрчил гаргасан жолоочид сануулах арга хэмжээ авахаар тусгажээ.

Харин зөрчлийг тухайн жилд давтан гаргасан жолооч, эцсийн өмчлөгчийг мөн зарлан дуудуулж, цахимаар шийтгэн, зөрчлийг арилгуулна. Харин тухайн жилд 3 дахь удаа гаргасан бол цахимаар шийтгэл ногдуулж, тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх бөгөөд, үүнтэй холбоотой зохих төлбөрийг төлүүлэхээр тусгажээ. Замын удирдлагын төв нь зөөх, шилжүүлэхтэй холбоотой фото зураг болон видео бичлэгийг хүлээн авч, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. Журамд шинээр оруулж буй заалт нь тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж төлөхөөр оруулжээ. Мөн зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг шилжүүлэхийн өмнө болон шилжүүлэхээр бэлтгэж байх үед жолооч ирсэн эсэх нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхгүй байх үндэслэл болохгүй аж. Зөрчлийг бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх бөгөөд түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг саналыг давхар оруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид асуулт тавьж, саналаа хэлсэн юм. 

П.Ганзориг:

Бид зохицуулалтад хэт механикаар хандаж байна. Ачилтын үйл ажиллагаа явуулж буй 15 компанийн ажилтнуудын цалин авах хөшүүрэг нь аль болох олон машин ачих юм. Тиймдээ ч жолоочоос машиныг нь булааж аваад чирээд явах, тээврийн хэрэгслийг дотор нь байсан хүүхэд, амьтантай хамт ачих зэрэг зөрчил гарсан.  Тиймээс энэ журмын өөрчлөлтийн бодлого нь дээрх байдлыг газар дээрээ хэрхэн шийдэх вэ гэдэг чухал. 

С.Адъяасүрэн:

Гол маргааны үндэс нь Ганзориг төлөөлөгчийн хэлж байгаа санал юм. Тиймээс журмын өөрчлөлтийн санал ч ийшээ чиглэсэн. Журамд орсон агуулга нь сануулах, торгох, эзэнд нь мэдэгдэх, дуудах  зэрэг байгаа учир маргах асуудал үүсэхгүй. Гурав дахь удаа зөрчил гаргасан жолоочийн хувьд маргах нөхцөл үүсэхгүй. Ачина, эсвэл газар дээр нь торгуулийнхаа 50 хувийг төлөөд ачуулахгүй байх гэсэн зохицуулалтыг оруулж ирж байгаа юм. Иргэд ч  ийм саналтай байна. 

Д.Пүрэвдаваа:

Журмыг өөрчилснөөр одоо байгаа үзүүлэлтийг тийм хэмжээнд өөрчилж, сайжруулна гэсэн статистик мэдээлэл өгөх ёстой. 3-аас доошгүй удаа мессеж бичээд, зарлан дуудаад ирэхгүй бол тээврийн хэрэгслийг ачиж, чирнэ гэж байна. Зарлан дуудсаны дараа ямар хугацаанд тээврийн хэрэгслийн жолооч, өмчлөгчийг хүлээх вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. 

Д.Гантулга:

Иргэдийг мэдээллээр хангаж, хариуцлагатай байх ёстой талаар нөлөөллийн ажил хийх ёстой. Нийгэмшсэн орчин үеийн хотод ажиллах гэж байгаа бол нийслэлийн иргэд ч гэсэн хариуцлагатай байх ёстой. Журмын өөрчлөлтийн агуулгад энэ талаар оруулсан учраас зарчмын хувьд дэмжиж байна. 

Б.Сүхбаатар:

Нийслэлийн замын хөдөлгөөнд үүссэн асуудлын хамгийн том шалтгаан нь замбараагүй барилга, хот төлөвлөлтийн алдаанаас болсон. Түгжрэл зөвхөн хотын төв, Яармагийн асуудал байхаа болисон. Энэ бүгдийг бий болгож, хариуцлагагүй болгосон эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй. Хоёрдугаарт ачиж, зөөвөрлөх ажлыг дүүргүүдэд хариуцуулмаар байна. Дүүргийнхээ хаана илүү түгжирч, замбараагүй машин байрлуулж байгаа асуудлыг шийдвэрлэх зохион байгуулалтыг Засаг дарга нарт нь өгөх хэрэгтэй. Мөн уг үйл ажиллагаанаас бүрдсэн орлогын тодорхой хувийг дүүргүүдэд олговол илүү үр дүнтэй ажиллах болно. 

Н.Баярмөнх:

Эмнэлэг, сургууль руу түр орсон яарч, сандарсан хүмүүсийн машиныг ачсанаас үүдэлтэй маргаан гарч байна. Эмнэлгийн гадаа байрлуулсан машиныг ачихгүй гээд заачихвал тэр эмнэлгийн гадаа дүүрэн машин бөөгнөрнө. Хүний амьдралд тохиолдох л асуудал учраас онцгой шаардлага гарсан, сандарсан үед ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тодорхой журамлах хэрэгтэй. 

Ү.Оюунзул:

Энэ журамтай холбоотойгоор ачих, чирэх үйл ажиллагаа явуулж байгаа 15 компани болон иргэдэд таниулж, сурталчлах ажлаа сайн хийх хэрэгтэй. 

Б.Мөнхцэцэг:

Машин ачилт замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад хэр нөлөө үзүүлж байна вэ. Мөн энэ 15 байгууллагыг ямар сонгон шалгаруулалтаар тодруулж, ачиж, чирэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгож байгаа вэ. Дээрх компаниуд зөвхөн бизнес гэдэг талаас нь асуудалд хандаж, иргэдийн тээврийн хэрэгслийг чирж, ачихдаа төвлөрч байгаагаас биш замын хөдөлгөөний зөрчлийг арилгуулах, соён гэгээрүүлэх чиглэлд ажил хийхгүй байна.  

Ч.Раднаабазар:

Ачиж, чирэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хүний машиныг хаана, аль хашаанд аваачиж журамласан талаарх мэдээллийг иргэдэд өгдөггүй. Иргэн тээврийн хэрэгслээ хаанаас авахаа мэддэггүй байдлыг засаж, цахимаар бүрэн дүүрэн мэдээлэл авах боломжоорр хангах ёстой.

Б.Нэргүй:

Энэ журмаар нийслэл Улаанбаатар хот зөвхөн зөрчил гаргадаг хүмүүсийн эрхэнд багтаж амьдрах байдал руу орж байна. Нэг удаа сануулна…гэдэг журам ямар учиртай юм бэ. Бүх хүн машинаа “Нэг удаадаа” гээд зам дээр орхих нь байна. Гэтэл зөрчил гаргадаггүй 500 мянган жолоочийн эрхийг хэн хангах юм бэ. Энэ журмын төсөл, тэр дундаа 9.12.1 заалтыг хасах саналыг гаргаж байна. 

Ийнхүү төлөөлөгчид саналаа хэлсний дараа Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журамд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгах төлөөлөгчдийн болон иргэдийн саналуудыг нэгтгэн, тэмдэглэл гаргаж, Хууль зүй, дотод хэргийн сайдад хүргүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно

Огноо:

,

Энэ онд нийслэлийн хэмжээнд 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх авто замыг бүрэн шинэчлэх юм. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуу автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэлийн шалтгааныг арилгах, нийтийн тээвэр хоорондын зайг алдагдуулахгүй байх зорилгоор 2022 оноос эхлэн зам дагуух зогсоолуудыг үе шаттай хааж байгааг нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр онцолж байлаа. 

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ иргэдэд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд авто замыг засварлан шинэчилж байна. Харин асфальтбетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Огноо:

,

Иргэн Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary Narut, Shimer shimka, Suki Nay, Anujin, Marlaa Marlaa, kimmyya InkIop” гэх нэртэй хуурамч хаяг нээн, түүнийгээ ашиглаж, “Токи.мн, Ленд.мнь Hipay” зэрэг зээлийн аппликейшны эрх нэмэгдүүлнэ" гэх зар оруулж хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар авч тухайн мэдээллээр иргэдийн цахим мэдээллийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, олон удаагийн үйлдлээр зээл авч залилах, хулгайлах гэмт хэргийг үйлдэн их хэмжээний ашиг олж, амьдралын эх үүсвэрээ болгосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Шалгалтын явцад гэмт этгээдүүд нь тухайн үйлдлийн аргыг ашиглаж, олон иргэдийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа тул дээрх нэр бүхий цахим фэйсбүүк хаягтай холбогдон зээлийн аппликейшны эрхээ нэмэгдүүлэх гэж хувийн мэдээллээ өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагын 8822-2255 дугаарт холбогдохыг зөвлөлөө.

Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж таныг санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг гэдгийг ямагт анхаарч, таатай санал бүхий мэдээллүүдэд хянуур байж, дээр дурдагдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа

Огноо:

,

Улаанбаатар хотын хүн ам өсөх тусам тээвэр логистикийн цогц, шинэлэг шийдэл хэрэгтэй болсон. Тиймээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм.

Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүдтэй өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд уулзаж, санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг хийлээ. “Хүннү хотын тээвэр логистикийн бүсийн хөгжлийн стратеги” хэлэлцүүлгээр оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тээвэр логистикийн төвийн төлөвлөлтөд тусгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллана.

Хэлэлцүүлгийн үеэр хотын дарга Х.Нямбаатар үг хэлэхдээ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоогийн суурьшлыг задлах дагуул хотын төлөвлөлтийг тусгасан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хотод тээвэр логистикийн бүсийг бий болгох нь олон давуу талтайг онцоллоо.

Өнөөгийн Улаанбаатар тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж багатай, ажиллагаа ихтэй. Төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг. Нэг чингэлэгт ногдох зардал өндөр. 10 терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй. Терминалууд дээр буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг. Логистик компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй боловч нийслэлд зай талбай байхгүй. Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Хэлэлцүүлэгт Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн төлөвлөлт”,  Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тээвэр, логистикийн төлөвлөлт”, Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин: Боломж ба сорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар дараах ач холбогдолтой.

  • Монгол Улсын худалдаа, тээврийн дэд бүтцийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
  • Тээвэр логистикийн зардлыг бууруулж, эдийн засаг, бизнесийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх,
  • Олон улсын техник, технологийг нутагшуулан, хотын доторхи ачаа урсгалыг зохион байгуулах,
  • Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төмөр замын эрчмийг зохицуулах,
  • Логистик төвүүдийн агуулахуудыг хотоос гаргаж, хадгалалтын зардлыг бууруулах,
  • Орон нутаг руу чиглэсэн барааны урсгалыг хотын гадна талд төвлөрүүлэх давуу талтай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/05/02

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй...

Тод мэдээ2025/05/02

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Тод мэдээ2025/05/02

Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниуд...

Тод мэдээ2025/05/02

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшу...

Тод мэдээ2025/05/02

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автоб...

Өнөөдөр2025/05/02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/

Өнөөдөр2025/05/02

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/02

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/02

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Тод мэдээ2025/05/01

Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейца...

Тод мэдээ2025/05/01

“Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэли...

Тод мэдээ2025/05/01

Тавдугаар сарын 15-наас МҮОНТВ, Гандан, ТБД Андууд орчмын халуун ус ...

Тод мэдээ2025/05/01

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр т...

Тод мэдээ2025/05/01

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 бол...

Тод мэдээ2025/05/01

АТГ: Авлигын эсрэг сургалтад 1099 албан тушаалтныг хамруулав

Өнөөдөр2025/05/01

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/01

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар..

Өнөөдөр2025/05/01

Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Тод мэдээ2025/04/30

Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд эхлүүл...

Тод мэдээ2025/04/30

Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ

Тод мэдээ2025/04/30

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэ...

Тод мэдээ2025/04/30

Хотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг...

Тод индэр2025/04/30

Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ...

Өнөөдөр2025/04/30

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/04/30

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/04/30

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Өнөөдөр2025/04/29

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/29

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/04/29

УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд

Тод мэдээ2025/04/29

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсн...

Санал болгох