Тод мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Себастиан Сүрүнийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн зургаан багц зорилтын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт төвлөрүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд эдгээр салбарт Франц улстай хамтран ажиллах боломж нээлттэйг онцоллоо. Монгол, Францын харилцааг шинэ шатанд гаргахын тулд харилцаанд жинтэй хувь нэмэр оруулах, хоёр орны нийтлэг эрх ашигт нийцсэн хөгжлийн томоохон төсөл хэрэгжүүлэх нь ач холбогдолтойг Ерөнхий сайд тэмдэглэв.
2023 он Монгол, Франц хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал жил болно гэдэгт итгэлтэй байгаагаа Элчин сайд Себастиан Сүрүн илэрхийлэв. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарын хамтарсан төслүүд амжилттай хэрэгжиж байгаад талууд санал нэгтэй байлаа.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл