Дэлхий нийтээр..
Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүллээ
Монгол Улсын ирэх оны төсвийн хуулийг УИХ хуулийн хугацаандаа баталсан. Хуулийн дагуу одоо аймаг нийслэл ирэх оны төсвөө боловсруулж байгаа билээ. Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “... Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, 2020 оны төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ. Тэрбээр “Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2020 оны төсвийн төслийг боловсруулан Сангийн яаманд наймдугаар сард хүргүүлж, нийслэлийн төсвийн нийт орлогыг 1.001.2 тэрбум төгрөг, суурь орлогыг 894.1 тэрбум төгрөг байхаар, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, нийслэлийн төсвөөс улсад төвлөрүүлэх орлогыг 319.4 тэрбум төгрөг байхаар хянаж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар батлаад байна. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, гадаадын хөрөнгө хөрөнгө оруулалтыг нэмж татах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, ажлын байр, орлого нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах дагуул хот, тосгон, шинэ суурьшлын бүс, дэд төвийг үргэлжлүүлэн хөгжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, агаар, орчны бохирдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулан нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлнэ. Түүнчлэн авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ачаа тээврийн нэгдсэн ложистик төвүүд болон нийтийн тээврийн тусгай замын төслүүдийг эхлүүлнэ. Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ” хэмээлээ.

Нийслэл, дүүргийн 400 орчим иргэн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, 40 орчим иргэн санал бодлоо хэлсэн. Мөн оролцогсод нийслэлийн ирэх оны төсөвт тусгах саналаа бичгээр буюу санал авах маягтыг бөглөж өгсөн юм. Тодруулбал, дүүрэг хороодод хийгдэж буй удаашралтай байгаа төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг хийх зэрэг саналыг иргэд хэлж байв. Иргэдээс гаргасан саналуудыг нэгтгэн, Нийслэлийн 2020 оны төсвийн эх үүсвэрийн хүрээнд тусгах аж.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
