Тод мэдээ
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр) нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтад заасан гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн тухай олон улсын гэрээ болох тул Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай болохыг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Хуулийн төсөл нь 1 зүйлтэй байх бөгөөд тус зүйлд Монгол Улс, Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан.
Уг хуулийн төслийг баталснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар байхгүй бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засагт учраад буй сөрөг шокийн үед нийт хүн ам, тэр дундаа эмзэг, ядуу иргэдийн өртөмтгий байдал, Монгол Улсын эдийн засагт үүсээд буй инфляц, төлбөрийн тэнцлийн сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжпэг үзүүлэх бөгөөд цаашид тус хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн хөрөнгө нь гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх болон төсвийн тусгай шаардлагыг хангахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газраас үзжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод мэдээ
Булган аймгийн Дашинчилэн сумын ойд улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүллээ
Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булган Хан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Жем интэрнэшнл" ХХК, "Даян" дэвжээний бөх, МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
Дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Булган хангайн хөгжлийн төлөө сан", "Булганхангай" дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл, Булган аймгийн Сайхан сумын харьяат,"Булганхан" дэвжээний бөх, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.
Наймд улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Д.Амарсайхан, улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Д.Алтанцоож нар үлдэв.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулсан улсын заан Д.Амгаад МҮБХ болон нутгийн зөвлөл, удирдлага хамт олон, үе тэнгийн бөхчүүд, ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.
Дараагийн барилдаан энэ долоо хоног буюу тавдугаар 16-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
17-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
18-нд 13:00 цагаас Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Очирын Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
19-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ гэж Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.
Тод мэдээ
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна
“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “32-ын тойрог орчмын газрыг чөлөөлөн төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Барилга, хот байгуулалтын газар, Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ хамтран боловсруулсан бөгөөд өнөөдөр байршил дээрээ ирэн хаана төлөвлөх талаар зөвшилцлөө. Уг ахуйн үйлчилгээний төвийг барьснаар бидний дэвшүүлээд буй “20 минутын хот” концепц хэрэгжих боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, тус төвийн ойр орчимд амьдарч байгаа оршин суугч гэрээсээ 20 минутын зайд худалдаа үйлчилгээ, төрийн болон бусад үйлчилгээг нэг дороос авах боломжийг эрэлхийлж буй юм” гэлээ.
Мөн “Урт цагаан” үйлчилгээний төвд үйлчилгээ эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, шинээр барих гэж буй ахуйн үйлчилгээний төвд ямар төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх талаар зөвшилцсөн талаар онцолж байлаа.
Тод мэдээ
Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ
ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газраас Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах үйл ажиллагаанд шаардлагатай бодис, барааг ОБЕГ-т хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцсон юм.
Игавахара Масарү хэлсэн үгэндээ “Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах нь яаралтай хийх ёстой ажлын нэг бөгөөд орон нутагт ажил гүйцэтгэж байгаа ОБЕГ, Мал эмнэлгийн хүрээлэн болон тухайн орон нутгийн бүх албан хаагч, ард иргэдэд хүндэтгэл илэрхийлэхийн хамт Япон улсаас олгож байгаа энэ удаагийн тусламж та бүхэнд бага ч болов тус болоосой хэмээн хүсч байна” гэлээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Энэ жил сүүлийн 50 жилд тохиолдоогүй цасан бүрхүүл тогтож, ихэнх суманд төмөр зудын нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас улсын хэмжээнд 7.4 сая толгой мал хоргодсон бөгөөд өнөөдрийн байдлаар зүй бусаар хоргодсон малын сэг зэмийн 84 хувийг устгах ажлыг зохион байгуулаад байна. Энэхүү ажлыг эрчимжүүлэхэд тусламж үзүүлж байгаад талархалтай байна” хэмээсэн юм.
Харин ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “Өнгөрсөн өвөл Монгол улсын ихэнх нутаг зудын гамшигт өртөж, олон иргэд их хэмжээний хохирол амссанд харамсаж байна. Монголын ард иргэд өөрсдийн хүчээ нийлүүлэн хамтран ажиллаж байна. Япон улс ч бас та бүхэнтэй хамтран ажиллах болно” хэмээн дурьдлаа.
Энэ хүрээнд ариутгалын хоёр төрлийн бодис /нэг тонн/, 250 ширхэг автомакс /автомат шүршигч/, 7000 ширхэг халдвар хамгааллын хувцсыг хүлээлгэн өгсөн бөгөөд орон нутагт хуваарилан олгох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2023/10/17
Хятадын томоохон төрийн өмчит банкны экс ерөнхийлөгч хахууль авсан хэргээр барив...
-
Өнөөдөр2021/01/28
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Тод мэдээ2021/02/03
"COVID-19" халдварт цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг ху...
-
Тод зураг2020/05/21
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Сэтгэгдэл