Дэлхий нийтээр..
ТЦА: Халтиргаатай замд хэрхэн автомашин жолоодох вэ
Замын нөхцөл байдал нь автомашины ашиглалтад төдийгүй, жолоочийн бие, сэтгэл зүйд асар их нөлөөлдөг. Эвдрэл, тэгш биш байдал, дэржигнүүр, өгсүүр, уруу, халтиргаа зэрэг янз бүрийн хүндрэлтэй нөхцлүүд нь замын хөдөлгөөнийг үнэлж дүгнэхэд хүндрэл учруулаад зогсохгүй жолоочийн сэтгэл зүйд ихээхэн сөрөг нөлөөтэй. Замын нөхцөл хүндрэлтэй байх нь жолоочийг амархан ядрааж, бухимдуулж улмаар аюулд хүргэж болдгийг Герман улсын эрдэмтэн Дитер Клебельсберг нотолсон байна.
Нэг жилд гарч байгаа зам тээврийн ослын 20 орчим хувь нь замын эвдрэлээс, 49.6 хувь нь нойтон болон халтиргаатай нөхцлөөс үүдэлтэй гэж олон улсын судлаачид үзжээ. Халтиргаатай нөхцөлд автомашины тоормосны зам 3-4 дахин ихэсч, мөстсөн нөхцөлд автомашины дугуй замтай барьцалдах хүч 5 дахин багасдаг. Тухайлбал 50 км/ цагийн хурдтай явж байсан автомашины тоормосны зам тэгш хуурай асфальт замд 20 метр байсан бол нойтон замд 50 метр, цастайд 60 метр, мөстсөн бол 120 метр болж тус тус өсдөг ажээ. Өөрөөр хэлбэл жолоочийн өлмий тоормосны дөрөөн дээр хүрснээс хойш 120 метр зам туулаад автомашин зогсоно гэсэн үг юм. Зам дугуй хоёрын барьцалт нь тээврийн хэрэгслийн хурд, дугуйн эдлэгдсэн хугацаа, хээний чанар, зорчих хэсгийн гадаргуугийн байдал зэргээс ихээхэн хамааралтай.
Замын халтиргаатай хэсэгт авцуулах холбоо салгаж огцом тоормослох, жолооны хүрдийг огцом эргүүлэх нь шарвах гол шалтгаан болно. Автомашины шарвах хөдөлгөөн гэнэт болдог. Бүр өчүүхэн төдий огцом хөдөлгөөн нь алдаа болж бусдыг эсрэг урсгал руу шахаж оруулах юмуу замаас гаргадаг гэдгийг санах хэрэгтэй. Автомашины шарвах үйлдлийг жолооны хүрдээр залруулдаг. Шарвах үед сандрах хэрэггүй, жолооны хүрдийг шарваж байгаа тал руу нь эргүүлээрэй. Шарвалтыг засахад тоормос хэрэггүй гэж хэлэхэд болно. Тоормос гишгэсэн үед жолооны хүрдийг яаж ч эргүүлээд нэмэргүй, автомашин чигээ өөрчлөхгүй гулсана. Үүнийг тайлбарлах маш энгийн жишээ бол мөсөн дээр гулгах. Хөлийн тавхайн байрлалаас хамаарч гулсах чиг өөрчлөгддөггүй. Тоормос гишгэсэн үед автомашины гулсах хөдөлгөөн яг үүнтэй адил юм. Харин тоормос гишгэхээ болих үед дугуй эргэх хөдөлгөөнд орох тул жолооны хүрдний байрлалаас хамаарч автомашины чиг өөрчлөгдөнө.
Халтиргаатай замд хөдөлгөөн эхлэх нь бас нэг бэрхшээл юм. Энэ бэрхшээлийг давахын тулд бага зэрэг “Онолдох” шаардлага гарч байна. Автомашиныг хөдөлгөхөд зүтгэх хүчний хэмжээ нь дугуйн дороос тулах хүч, барьцалтын коэффициент хоёрын үржвэрээс их байх, зогсох үед зүтгэх хүч нь барьцалтын хүчнээс бага байх шаардлагатай. Энэ харьцаа алдагдвал автомашин шарвах буюу дороо хий эргэдэг. Халтиргаатай замд хөдөлгөөн эхлэхэд хамгийн гол нь “Хөдөлгүүр-авцуулах холбоо-дугуй-зам” гэсэн системд хий эргэх нөхцөл бүрдүүлэхгүй байх явдал. Ингэхийн тулд авцуулах холбоог яг залгагдах агшинд /үрэлтийн момент нь эсэргүүцлийн моменттой тэнцэх үе/ түүний дөрөөг аажмаар авах буюу холимгийн дөрөөг үл ялих буцаах шаардлагатай. Мөн араа хүндрэх тусам дугуйн эргэлтийн момент их байх тул туршлагатай жолооч аль болох хөнгөн араагаар хөдлөхийг хичээдэг. Дээрх, онолын болон практик аргуудыг эзэмшвэл хир баргийн халтиргаатай замд тевөггүйхэн хөдлөх боломжтой.
Аюулгүй байдал нь олон хүчин зүйлээс хамааралтай байдаг учир цоо шинэ дугуйнд ч 100 хувь найдах хэрэггүй. Халтиргаатай замд аюулгүй байдлыг хангахад дугуй хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Замд гарахын өмнө дугуйн хээ, чанар, хийн даралтын хэмжээг шалгаж үзэхэд ер илүүдэхгүй. Чанар муутай, хээ нь элэгдсэн дугуйн барьцалдах чадвар сул байдаг тул аюулд хүргэж болно.
Зам дээр тогтсон усан дээгүүр гарах үед зам дугуй хоёрын хооронд усан давхарга бий болох тул барьцалтыг ихээхэн хэмжээгээр бууруулна. Энэ үед зам дугуй хоёр шууд харьцахгүй учир гулгасан мөр үүсдэггүй. Энэ нөхцөлд тээврийн хэрэгслийн жин бараг нөлөөгүй. Харин усны гүний хэмжээ нь дугуйны хээний гүнээс бага бол дээрх хүндрэл багасдаг.
Зөвхөн урд дугуйнд акваплан үүсэх үед автомашин шулуун чигээ төдийлөн алдаад байдаггүй. Харин хойд дугуйнд акваплан үүсэх тохиолдолд шарвах нөхцөл бий болдог. Энэ нь урд дугуйн хээ хойд дугуйныхаас гүн байх тохиолдолд бий болдог үзэгдэл юм. Иймд дугуйн хээний хэлбэр, хэмжээ бүх дугуйнд ижил байхаас гадна хийн даралт тогтоосон хэмжээнд байх ёстой.
Тоормос бүх дугуйндаа жигд барьж байна уу, автомашин шулуун чигээ хадгалж байна уу, тодорхой зайд зогсож байна уу гэдгийг замд гарахын өмнө зайлшгүй шалгах шаардлагатай. Гэхдээ шалгах орчинд аюулгүй байдал хангагдсан байх ёстой гэдгийг сайтар санаарай. Зарим тохиолдолд замын гадаргуу нь хэвийн мэт харагдах боловч чийг, цан цохисон юмуу бусад шалтгаанаар зорчих хэсэг халтиргаатай болсон байж болно. Учир нь зам зөвхөн цас, мөсөөр хучигдсанаар халтиргаатай болчихдоггүй. Зам дээр навч унах, шингэн асгарах зэрэг нь халтиргаа үүсэх нөхцөл болохоос гадна замын температур ч зам дугуй хоёрын барьцалтанд нөлөөлдөг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Зам халтиргаатай байгаа эсэхийг шалгахын тулд заавал автомашинаас буух шаардлагагүй, холимгийн хаалтны дөрөөн дээр огцом гишгээд үз, эсвэл жолооны хүрдийг огцом эргүүлэнгээ тоормос гишгээрэй. Эдгээр үйлдлийг хийхэд автомашин “дуулгавартай” байвал замын нөхцөл хэвийн байна. Харин автомашины дугуй хий эргэх буюу шарваж байвал зам халтиргаатай байгааг анхааруулж байгаа нь тэр. Энэ “туршилтыг" хийхэд орчны аюулгүй байдал туйлын чухал гэдгийг хэлүүлэх юун. Сүүлийн үед жолооч нар хадаастай дугуйг хэрэглэх болсон нь сайшаалтай. Гэвч аюулгүй байдал үүгээр бүрэн хангагдчихдаггүй нь харамсалтай. Хадаастай дугуйг 1960 онд анх туршиж үзэхэд асфальт, бетон замын гадаргууг ихээхэн гэмтээж, ийм дугуйтай машины араас өөр тээврийн хэрэгсэл мөргөх тохиолдол багагүй гарч байжээ. Мөн ийм дугуйтай автомашины тоормосны зам мөсөн дээр 20-25 хувь, цасан дээр 5-10 хувиар буурдаг болохыг эрдэмтэд тогтоогоод хадаастай дугуйг зам мөстсөн буюу цастай үед хэрэглэх нь зохимжтой гэж үзжээ.
Зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүдийн эхэнд “Хурд”-ыг онцолж болно. Халтиргаатай замд өндөр хурд их аюул дагуулна. Учир нь тэгш хуурай асфальтан замын барьцалтын коэффициент 0.6-0.8 байдаг бол цастайд 0.2, мөстэйд 0.1 байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасан. Гэтэл халтиргаатай замд өндөр хурдтай явснаар тээврийн хэрэгслийг зогсооход цаг хугацааны болон орон зайн боломжгүй болж, замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Хурд хэт бага байх нь орчин үеийн замын хөдөлгөөний шаардлагад төдийлөн нийцээд байдаггүй ч Монгол Улсын нөхцөлд, тэр тусам халтиргаатай замд нэг их муу зүйл биш биз ээ. Ромын зохиолч, улстөрч Плинийн “Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж байгаа хүн унадаггүй” гэсэн үг бий.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2023/12/05
Онцын шаардлагагүй бол Ховд-Улаангом чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна
-
Дэлхий нийтээр..2023/07/28
Tийболын тэмцээний баг тамирчдад баяр хүргэв
-
Үйл явдал2025/12/10
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цаг...
-
Дэлхий нийтээр..2021/02/25
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
