Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнд “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулав
Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдсан Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.
Мөн цар тахлын үеийн болон дараах Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Орос-Украины дайны хор уршгаас үүдэлтэй гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөө, өнөөгийн бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгосон. Эдийн засгийг төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг зарлаж, онцгойлон анхаарч, Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороог Ерөнхий сайд ахалж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эрх зүйн шинэ орчин бий болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарынхантай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Үр дүнд нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барихаар болоод байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Хуулийн төсөлд хэд хэдэн онцлог зохицуулалтыг багтаажээ. Аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгох, цахим виз нэвтрүүлэх, агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлэх, нэгдсэн стандарт тогтоох, бүсчилсэн брэнд бүтээгдэхүүн бий болгох, хил орчмын аялал жуулчлалыг тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэх, жуулчдын худалдаж авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцааж олгох, аялал жуулчлалын сан байгуулах зэргийг тусгажээ.
“Аялал жуулчлалын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг чухалчилж байна. Эрх зүйн орчин тодорхой болмогц төр, хувийн хэвшил хамтраад нэгдсэн бодлогоор урагшлах нь чухал. Боомтын сэргэлтийн хүрээнд Бичигт, Хавирга, Ульхан боомтын дэд бүтцийг сайжруулснаар жуулчин татах боломж бүрдэнэ. Зүүн гурван аймагт аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Төр, хувийн хэвшлийнхэн одооноос төвлөрч ажиллах шаардлагатай”-г Ерөнхий сайд хэллээ. Мөн хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг Засгийн газар бодлогоор дэмжинэ. Улаанбаатар хотоос иргэдийг татах, сэдэлжүүлэхэд орон нутгийн төрийн байгууллага илүү санаачилга гаргах учиртайг тэмдэглэв.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан, үе шаттай хэрэгжүүлнэ. Зүүн бүсэд төр-хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, олон бүтээн байгуулалт өрнөнө. Монголын нууц товчооны түүхэн дурсгалт газруудыг авто замаар холбоно. Чингис хааны аялал жуулчлалын цогцолборын нээлт ирэх оны дөрөвдүгээр сард Хэнтий аймагт болно гэлээ.
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн онцлог байдалд түшиглэсэн аялал жуулчлалын цогц үйл ажиллагаа явуулах боломжийг бодит ажил болгох, брэнд бий болгож гадаад, дотоодод сурталчлахад төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа гарц, шийдэлд хүрэх нь энэ удаагийн зөвлөгөөний гол зорилго ажээ. Тухайлбал, Талын түмэн адуу, Ганга нуурын чуулган, Сэцэн хааны ордон музей, Чингис хааны үеийн холбогдолтой түүхэн газруудад түшиглэсэн цогцолборуудад аялагчдыг татах бүрэн боломжтой гэдгийг зөвлөгөөнийг зохион байгуулж буй БОАЖЯ, Соёлын яамныхан тэмдэглэж байлаа.

Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2019/07/01
Баяр наадмаар хэд хоног амрах вэ
-
Дэлхий нийтээр..2025/12/25
Ерөнхий сайдын дэргэд Түлш, шатахууны аюулгүй байдлын бодлогын зөвлөл байгуулна
-
Үйл явдал2021/10/04
Нийслэлийн ИТХ, Хурлын Ажлын алба “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ
-
Хэн юу хэлэв...2023/04/11
Г.Занданшатар: Нийгэмдээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжиж а...
