Дэлхий нийтээр..
“Шар дарцаг” аян хэрэгжсэнээр хүүхэд авто осолд өртөх тохиолдол буурчээ
Нийслэлийн Засаг даргын 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн А/1291 дүгээр захирамжаар “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор “Шар дарцаг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 17-ны хооронд нэг сарын хугацаатай өрнүүлэх юм. Тус аяныг есөн дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Нийтийн тээврийн газар хамтран зохион байгуулж байна. Аяныг зохион байгуулахтай холбоотойгоор НЗДТГ нь нийслэлийн ерөнхий боловсролын 400 гаруй сургуулийн захирал болон цэцэрлэгийн эрхлэгч нарыг хүлээн авч, танилцуулах уулзалтыг зохион байгуулсан.
Тус аян нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэжээ. Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, жолоочид дохио өгнө. Гарцаар гарсны дараа шар дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм.
Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс болон Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас хамтран мэдээлэл өгөв.
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Содбаяр:

“Сүүлийн таван жилийн байдлаар манай улсын хэмжээнд зам тээврийн ослоор 196 хүүхэд амиа алдаж, 4956 хүүхэд гэмтэл авсан харамсалтай тоон мэдээ байна. НЗДТГ-аас 2021 оноос Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Уг аянд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд идэвх санаачилгатай оролцсон төдийгүй орон нутагт ч дэмжин хэрэгжүүлсэн. Зам тээврийн осол бидний хайхрамжгүй, болгоомжгүй, хэнэггүй байдлаас үүдэн гардаг бөгөөд жолооч нарыг илүү хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байна. Иймд “Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор “Шар дарцаг” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Замын хөдөлгөөнд оролцогч жолооч болон хүүхдүүдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд зөв дадал хэвшил бий болгоход эцэг, эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм. Аяныг хэрэгжүүлснээр ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам, тээврийн осолд өртөх эрсдэл буурна гэж тооцож байгаа. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч нарыг тус аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” гэлээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир:

“Хүүхдийн аюулгүй байдал Монгол Улсын хэмжээнд гол анхаарал татаж байгаа асуудал. Энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 604 хүүхэд бэртэж, 57 хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэл байна. Тэдгээрийн 51 нь орон нутагт, зургаа нь нийслэлд байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд 0-10 насны хүүхэд заавал эцэг эх, асран хамгаалагчтай хөдөлгөөнд оролцохыг заасан байдаг. 2021 онд эхэлсэн “Шар дарцаг” аян тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Шар дарцгийг өргөж гарснаар жолооч нарт 150-200 метрийн зайнаас харагдах байдал ил тод болж, сургууль орчимд хүүхэд авто осолд өртөх тохиолдол эрс буурсан. Түүнчлэн эцэг эхчүүд өөрсдийн санаачилгаар аяныг хэрэгжүүлж байгаа. 2019 оны хичээл эхэлсэн үеийг 2021 оны мөн үетэй харьцуулахад сургууль орчимд явган хүний гарц орчимд гарсан осол 32.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн эцэг эхийн эргүүл буюу “School Police” ажилласнаар осол бүртгэгдэх тохиолдол 45-50 хүртэлх хувиар буурсан. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэд зөв дадлыг хэвшүүлэх, хөдөлгөөнд оролцож байгаа иргэн анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна” хэмээлээ.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/02/09
Монгол-Казахстан улс харилцан түүх, дурсгалын газраа сурталчлан, аялал жуулчлалы...
-
Үйл явдал2026/08/10
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
-
Дэлхий нийтээр..2022/12/07
Зам, тээврийн салбарын 56 үйлчилгээг цахимжуулна
-
Үйл явдал2024/07/18
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
