Дэлхий нийтээр..
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг баталлаа
НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг зургаан бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээтэй байхаар төлөвлөжээ. Эхний бүлэг болох Хүний хөгжлийн бодлогын хүрээнд нийгмийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, чанартай боловсролыг хүртээмжтэй хүргэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг 114 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Эдийн засгийн бодлогын хүрээнд цар тахлын дараа Улаанбаатар хотод тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, төсвийн сахилга батыг сайжруулах, санхүүгийн шинэ эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай үйлдвэр, үйлчилгээг дэмжих зэрэг 95 төсөл арга хэмжээ төлөвлөжээ.

Харин Засаглалын бодлогын хүрээнд нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнээс хүнд суртал, авлигад хамгийн их өртөж буй үйлчилгээг үе шаттай цахимжуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, хяналтыг сайжруулах зэргээр 40 төсөл, арга хэмжээг төсөвлөсөн байна. Мөн Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд байгалийн нөөц баялаг, эко системийг хадгалж хамгаалах, нөхөн сэргээх, усны нөөц, урсац бүрэлдэх эхийг хамгаалалтад авах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэлдүүлэх зорилгоор 75 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьжээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто зам, замын өргөтгөл, шинэтгэл, зогсоол, гүүр, гүүрэн байгууламж барих, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэргээр 31 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хэрэгжүүлснээр цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн байгууллагын хүртээмж нэмэгдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа. Намын бүлгүүд болон хороодын санал, дүгнэлтийг танилцуулсны дараа төлөөлөгчид хөгжлийн төлөвлөгөөг чухал гэдгийг онцлоод, холбогдох албаны хүмүүсээс асуулт асуусан юм. Тодруулбал, нийслэлийн цахилгаанд холбогдоогүй айлууд, ажлын байрны нөхцөл байдал, өрхийн эмнэлэг, спорт цогцолборын барилгын явц, төрийн албан хаагчдын цалинг нэмэх эсэх, “Тэрбум мод” хөдөлгөөний талаарх мэдээллийг асууж, төсөлд тусгах саналаа хэлж байлаа.
Ийнхүү НИТХ-ын төлөөлөгчид, ажлын хороод, намын бүлгүүдээс гарсан нийт 14 саналыг Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд тусган, хавсралтаар баталлаа.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2025/03/20
Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа...
-
Үйл явдал2019/08/26
Дэглий цагаан нисэх буудлын явгалах замын өргөтгөлийг төлөвлөгөөт хугацаанд нь а...
-
Дэлхий нийтээр..2022/04/25
УИХ: Байнгын хороодын хуралдаан болно
-
Хэн юу хэлэв...2021/08/06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮХАҮТ-ыг урьдын адил дэмжин ажиллахаа илэрхийллээ
