Дэлхий нийтээр..
Нийслэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 10 жилийн дотор 50 хувь өсжээ
Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод авто машины дугаарын хязгаарлалт үйлчилсэн. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Судалгааны дүнг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулсан.

Тэрбээр, "Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан найм хоногт Тээврийн цагдаагийн алба анхаарал хандуулж, өргөн бүрэлдэхүүнээр ажилласны дээр жолооч нар шаардлага биелүүлж, дугаарын хязгаарлалтын дагуу зорчиж, иргэдийн хөдөлгөөнд оролцох ухамсар дээшилсний хүчинд энэхүү ажил үр дүнтэй өндөрлөснийг энд онцлон дурдъя. Дугаарын хязгаарлалт эхэлсэн бямба гарагт хамгийн олон буюу 283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон бол бусад өдрүүдэд 237-273 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан.
2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байлаа. Дугаарын хязгаарлалтад багтсан нийт замын нийт урт 1350 км. Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642,315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин ноднин жилийнхээс таван хувиар өсжээ" хэмээн өгүүллээ.
Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо 1,122,644. Тэдгээрээс 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байх жишээтэй. Түүнчлэн 2021 онд 625 мянган зөрчлийн дагуу цахимаар торгууль ногдуулсан бол энэ оны эхний найман сард 560 мянган зөрчил илрүүлж, торгууль ногдуулжээ. Торгууль төлөлт тун чамлам хэмжээнд байгааг мэргэжлийн байгууллагынхан мэдээллээ. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд авто машины бүртгэлийг төгөлдөржүүлж, татвар, оношилгоотой уялдуулах шаардлагатай байна гэж Нийслэлийн Засаг дарга дүгнэсэн. Машин унана гэдэг зардал, мөнгө зарцуулахаас аргагүй хэрэглээ болсныг нийт олонд ойлгуулахын чухлыг ч мөн тодруулсан юм.
Цаашид тээврийн хэрэгслийн бүртгэлийг тодорхой болгох, дугаарын хязгаарлалтыг оновчтой хэлбэрээр зохион байгуулах, дугуй, скүүтер, мопед зэрэг дугуйт тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг дэмжих, нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг хангах, хязгаарлалтын бүсэд зөрчилтэй тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх, тус бүс дэх авто зогсоолыг төлбөртэй болгох, тус бүсэд зорчих шаардлагатай авто машинуудын талаарх мэдээллийг ил тод өгөх, цахим хяналтыг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн уулзварыг хоёр түвшинд шилжүүлж, хөдөлгөөн зорчилтыг нэмэгдүүлэх зэрэг саналыг иргэд болон мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Хөдөө, орон нутгийн 100 гаруй мянган иргэд тээврийн хэрэгслээ Улаанбаатар хотод бүртгүүлсэн байх магадлалтайн дээр дугаарын хязгаарлалт үйлчлэх хугацааг үдшийн 20:00 цагаар тогтоосон нь оновчтой биш гэдгийг дээрх судалгаа харуулсан байна.
Учир нь 20:00 цагт хөдөлгөөн сийрэг болохгүй байгаа нь энэ удаагийн дугаарын хязгаарлалтын үеийн судалгаанаас харагджээ.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2023/04/07
Румын Улстай автотээврийн салбарт хамтран ажиллана
-
Үйл явдал2021/07/07
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2020/07/29
Дарь-Эхийн авто замын шинэчлэлтийн ажил хийгдэж байна
-
Дэлхий нийтээр..2025/02/25
Автотээврийн үндэсний төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана
