Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг хүлээн авч уулзав
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эртний түүхэн улбаатай, найрсаг дотно харилцаатай манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ онд БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байгаа нь манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
Тэрбээр, Монгол, Лаосын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 60 жилийн хугацаанд идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд, хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн гэв. Мөн Лаосын Үндэсний Ассамблей Монгол Улсын Их Хуралд хоёр улсын харилцааны найрамдлын бэлгэ тэмдэг болгон улаан модоор хийсэн сандал, ширээг 2003 онд бэлэглэж байсан. Эдгээр модон эдлэлийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд өнөөг хүртэл ашиглаж байгааг дурдан, Лаосын Үндэсний Ассамблей болон түүний найрсаг ард түмэнд талархал илэрхийлэв.

БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэ удаагийн айлчлал манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаад баяртай байна гэв. Тэрбээр, Лаос, Монголын 60 жилийн түүхтэй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг хэмээгээд энэ завшааныг ашиглан БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргын мэндчилгээг уламжлав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэгийн урилгаар Үндэсний Ассамблейн гишүүн, Лаос-Монголын парламентын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлахаар болсныг тэмдэглэж, энэ удаагийн айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргад манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн мэндчилгээ уламжлахыг хүсэж, Лаос Улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх боломж байгааг онцлов.

Талууд цаашид хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг идэвхжүүлэн, Парламентын найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийн төлөө байгааг нотлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
