Тод индэр
С.Амарсайхан: Манай улсад жилд 80 мянга гаруй автомашиныг Япон улсаас оруулж ирдэг

С.Амарсайхан: Хосолсон хөдөлгүүрт автомашины хаягдал баттерейг дахин боловсруулах асуудлыг “Тоёота моторс” зэрэг импортлогчидтой хамтран шийдвэрлэх шаардлага байна
Дэлхий нийтээрээ хосолсон хөдөлгүүрт буюу hybrid автомашиныг өнөө үед сонгох нь элбэг болсон. Хэдийгээр энэ төрлийн автомашин нь шатахуун бага зарцуулдаг, байгаль экологид ээлтэй ч түүнээс гарах хаягдал баттерейг хэрхэх нь дэлхий нийтэд асуудал дагуулаад буй.
Манай улсад ч энэ асуудал тулгамдаад байгааг Шадар сайд С.Амарсайхан "Тоёота сэйлс Монголиа” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ясуо Оучиг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзах үеэрээ хэллээ. Байгаль, экологид хортой, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хаягдал баттерейг цаашид хоргүйжүүлэх, сөрөг нөлөөллийг нь бууруулах тал дээр хамгийн гол нийлүүлэгч болох тус компанитай хамтран ажиллахаар санал солилцож, дараа дараагийн уулзалтуудыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар тогтлоо.
Шадар сайд энэ үеэр “Манай улсад жилд 80 мянга гаруй автомашиныг Япон улсаас оруулж ирдэг. Энэ нь жилд дунджаар 300 сая ам.доллар гадаад зах зээл рүү урсаж байна гэсэн үг. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Хэдийгээр хосолсон хөдөлгүүрт автомашиныг сонгон хэрэглэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх ч нөгөө талаасаа хаягдал баттерей их хэмжээгээр хуримтлагдаж буй нь бидний хувьд тулгамдсан асуудал болоод байна. Манай улсад энэ төрлийн хаягдлыг устгах, дахин боловсруулах боломж, нөхцөл одоогоор байхгүй. Тиймээс “Тоёота моторс” корпораци гол нийлүүлэгчийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хаягдал баттерейг дахин боловсруулах, сөрөг нөлөөллийг бууруулах асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газраас ч энэ чиглэлд анхаарч, Автомашин импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой шаардлага тавих болно” гэсэн юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын Их хурлаас төлбөрийн тэнцлийн асуудалд ихээхэн анхаарч ажиллаж буй талаар дурдсан юм. Энэ хүрээнд томоохон импортлогч компани, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах тал дээр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.