Тод мэдээ
Анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол боллоо

“Мон Бийф” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол 2022 оны 8 дугаар сарын08-ны өдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай болон холбогдох бусад албаныхан оролцлоо.
Цан цохих ёслолыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц “Хөгжиж буй орнуудын үндэсний томоохон компаниуд нь тухайн орныхоо хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон нийтийн хувьцаат компани байдаг. Энэ жишгээр манай улсын томоохон компаниуд болон тэдгээрийн охин компаниуд олон нийтийн болох хандлага сүүлийн хоёр жил эрс нэмэгдсэн. Үүний тод жишээ нь Таван богд группийн охин компани болох үндэсний үйлдвэрлэгч хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг "Мон Бийф" ХК нь өнөөдөр нийт хувьцааныхаа 30 хувийг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгож байна. "Мон Бийф" ХК-ийн удирдлагууд, үүн дээр ажилласан бусад дэд бүтцийн компаниудад баяр хүргэе. Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, хөрөнгийн зах зээлийг тэлэх, үнэт цаас гаргагчдад тохирсон шаардлагуудыг тодорхой болгох, түүнчлэн УИХ-аас баталсан бодлогын томоохон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлсэн. Энэ ажлуудын хүрээнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах компаниудын оролцоо нэмэгдсэн”-ийг онцоллоо.
“Мон Бийф” ХК нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 64,285,700 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 45 төгрөгөөр олон нийтэд санал болгож, 2,892,856,500 төгрөг татан төвлөрүүлэх юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС