Тод мэдээ
Цэцэрлэгийн зориулалттай барилга худалдан авах, түрээслэх журмаар 22 мянган хүүхдийг суралцуулна

2022-2023 оны хичээлийн жилээс нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.
Энэ хүрээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нийслэл дэх ажлын хэсэг хуралдаж, түрээслэх, худалдан авах цэцэрлэгийн барилга, объектуудын талаар хэлэлцлээ. Хотын удирдлагууд есдүгээр сараас эхлэн хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулахын тулд нийслэл Улаанбаатар хотын зүгээс бүх боломжоор ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө:
-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Нийслэлд мөн Ажлын хэсэг байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдад үр дүнг танилцуулахаар Ажлын хэсгийн хурлыг хийж байна. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 34 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. Үүний улмаас хамран суралцах асуудал их хөндөгдөж байна. Л.Энх-Амгалан сайд манлайлж, нийслэлийн зүгээс миний бие түрээслэх, худалдан авах объектийг судалж байгаа. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн зориулалттай барилга объект худалдан авах болон түрээслэх журмаар 22 мянган хүүхдийг суралцуулахаар болж байна. Үлдсэн хүүхдүүдийг гэр цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах гэх мэт шийдлүүдийг эрэлхийлж байгаа.
Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу есдүгээр сараас хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулахын тулд нийслэлийн зүгээс бүх боломжоор хангахаар ажиллаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт ажилласан. Энэ долоо хоногт бусад дүүргүүдэд хуваарь гарган ажиллана. Цэцэрлэгийн зориулалттай 14 объект худалдаж авах төлөвлөгөө гарсан. Үлдсэн объектийг түрээсэлнэ. Мянган хүнтэй орон сууцны хорооллын нэг айлд нэг бага насны хүүхэд байна гэж тооцоход 200 хүүхдийн цэцэрлэгийг заавал барьж байгуулах норм, стандарт бий.
Барилгын компаниуд тодорхой норм, стандартын дагуу зургаа батлуулж, ажил болгодоггүй олон жишээ байна. Иймд хотын зүгээс норм стандартад өөрчлөлт оруулах, хангуулах, цэцэрлэггүй орон сууцны хорооллыг Улсын комисс хүлээж авахгүй байх хатуу шаардлага тавина. Нийгмийн хариуцлагын хүрээнд барилгын компаниуд хариуцлагатай байж, нийслэлийн удирдлагуудын зүгээс хүүхдүүд, иргэдийнхээ төлөө норм журмыг мөрдүүлэхийн төлөө ажиллана” хэмээн өгүүллээ.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС