Дэлхий нийтээр..
Нийслэлийн удирдлагууд газрын асуудлыг шийдэж, 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавилаа
Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 26-р хороо улсын нэг сургуультай боловч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй, мөн улсын цэцэрлэггүй. Иймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар дээрх асуудлаар удаа дараа хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдэн, тус хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын шавыг өнөөдөр тавилаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улаанбаатар хотын хамгийн нягтаршил ихтэй, хүн ам, сургуулийн насны хүүхэд олонтой хороо бол 26-р хороо. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хамгийн их тулгамддаг асуудал. Дээд шүүх хүртэл явж байж газрын асуудлыг шийдэж, өнгөрсөн оны аравдугаар сард 2022 оны төсөвт сургуулийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Сургуулийг 10 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр хоёр жилийн хугацаанд барина. Баянзүрх дүүргийн хэмжээнд 10 гаруй сургууль, мөн энэ тооны цэцэрлэг шаардлагатай байгаа. Дүүргийнхээ иргэдтэй уулзахад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг байнга хөнддөг. 2024 онд манай дүүргийн хүн 400 мянгад хүрнэ. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Гэтэл хөрөнгө оруулалт нь 20 мянган хүнтэй аймагт өгч байгаагаас 10 дахин бага байна.
Нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэж Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо байгуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн баталж, хотын хөгжлийн асуудлаар хүчээ нэгтгэн ажиллаж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төсөв 40 тэрбум байсныг 400 тэрбум болгож, 10 дахин нэмэгдүүлж чадсан. Үүний ялагч нь Улаанбаатар хотын иргэд.
26-р хороонд дахиад 2-3 газар байгаа ч эрх мэдэлд ойр хүмүүс авчихсан байдаг. Энэ хүмүүстэй шүүхээр дамжуулан “зодолдож” байгаа. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газар гурван шатны шүүхээр явж, удаан хугацааны тэмцлийн үр дүнд сургууль барих боломж бүрдлээ. 25-р хороонд Замын цагдаагийн 10 давхар оффис барих гэж байсныг Хотын дарга болиулж, цэцэрлэг барихаар газрын асуудлыг шийдсэн. 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шавыг ирэх сард тавина. Сул газруудад ногоон байгууламж, эсвэл сургууль, цэцэрлэг байгуулна” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн 26-р хороонд сургуулийн насны 11 мянга орчим хүүхэд байдаг ч ганц л сургуультай учраас хүүхдүүдийн олонх нь харьяаллын бус сургуульд сурдаг. Харин дээрх 640 хүүхдийн сургууль ашиглалтад орсноор энэ тооны хүүхэд харьяаллын бус сургуульд сурах шаардлагагүй болж, энэ хэрээр түгжрэлд эерэг нөлөө үзүүлэх юм.

Нийслэлийн Боловсролын газрын Ерөнхий боловсролын сургуулийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Баярмагнай “26-р хороонд энэ онд 920 хүүхдийн сургууль, 330 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно. Мөн “Монгол тэмүүлэл” сургуулийн байр ашиглалтад орно” гэв.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин тус хороонд сургууль, цэцэрлэгийн хүртээмж маш хангалтгүй байдаг. Барилгажаагүй гурван талбай бий. Эдгээр газартаа сургууль, цэцэрлэг барихаар заримтай нь шүүхдэж байгаа гэдгийг хэлж байв.

Тус 640 хүүхдийн сургуулийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Golden light" групп барих юм. Группийн ерөнхий захирал С.Алтангэрэл “Манайх 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 70 орчим төсөлд ажилласны 50 орчимд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Орон сууц, үйлдвэр, үйлчилгээ, эмнэлэг, оффисын гэх мэт олон төрлийн барилга барьсан туршлагатай. Сургуулийг 2024 оны зун ашиглалтад оруулах гэрээтэй. Хэрэв хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэл 2023 онд ашиглалтад оруулна. Барилга нь зоорийн нэг давхар, дээшээ гурван давхар. Газрын нөхцөл байдлаас шалтгаалаад 640 хүүхдийн хүчин чадлаас илүүг барих боломжгүй. Хоёр спорт заал, гадна талбайг төлөвлөсөн” гэлээ.


Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/07/20
ЗГ: 2023-2024 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгавар г...
-
Чөлөөт бүс2020/05/05
"Миний мэдэх бурхан багш" гар зургийн уралдаан зарлалаа
-
Дэлхий нийтээр..2022/02/25
“Эмээлт-Шинэ эко парк”-ийн дэд ажлын хэсгүүдийг байгуулав
-
Дэлхий нийтээр..2025/04/15
Гадаадаас ажиллах хүч авах асуудлаар хамтарсан уулзалт зохион байгууллаа
