Тод мэдээ
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ажиллалаа
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Архангай аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийн гишүүд тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түр хамгаалах байр, сургуулийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцаж, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал солилцлоо.
Тус аймгийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн хэрэгжилтийн хангах хүрээнд байгууллага бүрд хүүхэд хамгааллын бодлогыг боловсруулж, эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажилладаг байна. Одоогийн байдлаар 60 гаруй байгууллагын дэргэд эцэг, эхийн зөвлөл ажиллаж байгаа бөгөөд энэ онд шинээр 40 байгууллагыг эцэг, эхийн зөвлөлтэй болгохоор зорилт тавьсан гэдгийг аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Болормаа онцлоод хүүхэд хамгааллын үйлчилгээ, сургалт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, цахим үйлчилгээний талаар танилцуулав.
Орон нутагт мэргэжлийн хүний нөөцийн асуудал нийтлэгээр тулгамдаж байна. Цалин хөлс, нийгмийн баталгаанаас шалтгаалан орон нутагт ирж тогтвор суурьшилтай ажиллах сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, нарийн мэргэжлийн эмч дутагдсаар байгааг аймгийн удирдлагууд хэлж байлаа. Мөн сумдад нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэнтэй болох хэрэгцээ байгааг уламжлав.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 зүйлд “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэсэн заалт бий. Хөдөлмөрийн тухай хууль бол манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага, иргэний хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг суурь хууль. Өдөр тутмын амьдралд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг энэ хуульд анх удаа хүүхэд хамгааллын ээлтэй бодлого хэрэгжүүлэх заалт оруулна гэдэг том амжилт юм.” хэмээгээд ажил олгогч бүхэн хүүхэд хамгааллын бодлоготой байж, түүнийгээ хэрэгжүүлдэг болох нь хүүхдийн ирээдүйд оруулж буй чухал хувь нэмэр болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Тод мэдээ
“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2023 онд мал төхөөрөх, мах боловсруулах 4 үйлдвэр ашиглалтад оржээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Траст трейд” ХХК, “Ажигана” ХХК-д ажиллалаа.
“Траст трейд” ХХК 2000 онд мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдааны чиглэлээр бага оврын тоног төхөөрөмж, түрээсийн байранд, зургаан ажилтантай үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Үүнээс хойш өөрийн гэсэн үйлдвэр, гахайн аж ахуй, мах ангилах, боловсруулах үйлдвэр зэргийг ашиглалтад оруулж, одоогоор 70 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлдэг. Мөн эхний ээлжинд гадаадын таван улсад бүтээгдэхүүнээ экспортлохоор бэлтгэж байна.
Хамгийн сүүлд буюу 2023 онд ХАЛАЛ аргаар хоногт 500 бод, 1000 бог төхөөрөх хүчин чадалтай, 5000 тн зоорь бүхий мал төхөөрөх үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, тусгай тээврийн хэрэгслийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зээл авсан байна.
Үүний дүнд энэ онд борлуулалт 26 хувиар өсөж, ажлын байраа нэмэх боломж бүрдсэн. Цаашид борлуулалтын орлого болон ашгийн хэмжээ жил бүр өсөж, энэ хэрээр улсын төсөвт төлөх татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэхээр байгааг компанийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа танилцууллаа.
Үйл ажиллагаагаа өргөтгөн “Траст групп” ХХК болсон тус компани ирэх жил мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлэгч байгууллага болж, 2030 он гэхэд бүтээмж, инновацаар олон улсын байгууллагуудын жишигт хүрэх зорилт тавьжээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 онд гэхэд л 934 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1,957 аж ахуйн нэгж, иргэнд олгож, хүүгийн зөрүүг улсын төсвөөс төлсөн. Мөн хүнс, хөдөө аж ахуйн 19 төрлийн үйлдвэрлэлд шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн албан татвараас чөлөөлж, хөнгөлж байна. Энэ дэмжлэг цаашид үргэлжилнэ гэдгийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэллээ.
Үүний үр дүнд 2023 онд олон улсын шаардлагад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн онд махны экспортоос 277 сая ам.долларын орлого олсон бол хүнсний бүтээгдэхүүний импорт 12 хувиар буурсан дүн гарсан. Энэ нь нэг тэрбум гаруй ам.доллароор гадаадаас хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг манай улс 2023 онд 120 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээсэн гэсэн үг юм.
“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ”-ЫН ХҮРЭЭНД ТАХИАНЫ МАХНЫ ХЭРЭГЦЭЭГ ДОТООДООС БҮРЭН ХАНГАНА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Ажигана” ХХК-д ажиллалаа. Компанийн удирдлагууд “Оргио” тахианы үйлдвэр, эх сүргийн байр, өндөг дарж дэгдээхэй болгох инкубатор болон тахиа өсгөх бройлер цехээ танилцуулав.
Манай улс жилд 22 мянга гаруй тн тахианы махыг гадаадаас 50-60 сая ам доллароор авдаг бөгөөд хэрэглээ жил бүр 20 хувиар өсдөг статистик үзүүлэлт бий.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүх төрлийн дэмжлэг үзүүлснээр ирэх таван жилд тахианы махны хэрэглээг дотоодоос бүрэн хангана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.
“Ажигана” компани жилд 1,000 гаруй тн буюу дотоодын тахианы махны хэрэглээний таван хувийг үйлдвэрлэж байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд шувууны аж ахуйн болон тэжээлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлж, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгон, бодлогын бусад дэмжлэг үзүүлж байгаа.
“Анжигана” ХХК-ийн хувьд авсан зээлээрээ шинэ инкубатор суурилуулж /импортын татвараас чөлөөлөгдсөн/, тэжээлийн үйлдвэрээ өргөтгөн, хүчин чадлаа нэмжээ. Цаашид төхөөрөх цехээ автоматжуулж, автомат удирдлага, хяналтын систем нэвтрүүлэх, эх сүргийн хүчин чадлыг 50 хувь нэмэгдүүлэх, хоршоологчид болон тахианы аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, тахианы махны хэрэглээний 20 хувийг бүрдүүлэх зорилт тавиад байна.
Тус компани өнгөрсөн жилүүдэд улсын төсөвт 10 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
Тод мэдээ
ГЕГ: Он гарснаас хойш нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ
Импортоор нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 765.9 сая ам.доллараар буюу 28.8 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 690.5 сая ам.доллар буюу 20.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 833.9 сая ам.доллар буюу 24.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 738.2 сая ам.доллар буюу 88.5 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 342.9 сая ам.доллар буюу 49.8 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 747.5 сая ам.доллар буюу 21.8 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 262.5 сая ам.доллар буюу 7.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 176.2 сая ам. доллар буюу 5.1 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.2 хувь ногдож байна.
Манай улс дэлхийн 137 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.2 хувь; ОХУ-д 27.0 хувь; Япон-д 10.7 хувь; БНСУ-д 4.0 хувь; АНУ-д 3.7 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.5 хувийг эзэлж байна гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Богд уулын арын авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
Богд уулын арын авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, /ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун рестораны уулзвар хүртэлх/ авто зам хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын
I хэсэг /ХААИС-ийн уулзвараас Зайсан толгойн зүүн хэсгийн авто зам хүртэлх/
2024 оны 05 сарын 09-ний өдрийн 22:00 цагаас
2024 оны 05 сарын 12-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
II хэсэг /ХААИС-ийн уулзвар/
2024 оны 05 сарын 11-ний өдрийн 08:00 цагаас
2024 оны 05 сарын 11-ний өдрийн 16:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
III хэсэг /Зайсан толгойн зүүн хэсгийн авто замаас Буган халиун ресторан хүртэлх/
2024 оны 05 сарын 12-ны өдрийн 06:00 цагаас
2024 оны 05 сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус ажлын хүрээнд: Ул хөрс солих шүүрүүлэх давхарга үүсгэх, хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь,хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ.
Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна.
-
Тод мэдээ2023/12/28
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Тод мэдээ2020/07/17
Халаалтын зуух, төвлөрсөн дулааны шугамд холбох ажлуудыг эрчимжүүлэх шаардлагата...
-
Өнөөдөр2022/07/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой
-
Тод мэдээ2022/10/14
ЭМД-ын хөнгөлөлтөөр 1226 даатгуулагч нүдний болор солиулах мэс засал хийлгэжээ
Сэтгэгдэл