Тод индэр
Г.Занданшатар: Тэрбум мод нэг модноос эхэлнэ

Манай улс 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласан. Энэ жилийн хаврын мод тарилт “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулагдаж буй юм.
Хаврын мод тарих арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, С.Бямбацогт, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар болон УИХ-ын Тамгын газрын ажилтнууд нэгдэж өнөөдөр /2022.05.15/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарилаа.
Өнөөдрийн мод тарих арга хэмжээний үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд байгууллага, ААН, иргэд нэгдэж урд урьдынхаасаа илүү өргөн дэлгэр хамрагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, мод тарих хөдөлгөөнд хүн нэг бүрийг идэвхтэй оролцохыг уриаллаа. Тэрбээр “Тэрбум мод нэг модноос эхэлнэ. Мод бол дэлхийн уушги гэж хэлэгддэг. Мод тарьж ургуулах, хайрлан хамгаалах нь дэлхийгээ хайрлаж, эрүүлжүүлж байгаа буянтай ажил гэж хэлж болно. Хүн нэг бүрийг мод тарихыг уриалъя. Тариад орхих биш арчилж, тордох нь нэн чухал” хэмээв.
Өнөөдрийн арга хэмжээнд УИХ-аас гадна 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд оролцож голт бор, тэхийн шээг, гүйлс, буйлс, шар хуайс, улиас, хайлаас зэрэг 12 төрлийн 2200 мод тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 25 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Энд 32 төрлийн 150 мянган мод тарьсан нь 98.5 хувийн амьдралтай ургаж байгаа аж.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “”2022 ондоо багтаан гурав ба түүнээс дээш жил бойжуулан ургуулсан суулгацаар цэцэрлэгжүүлэлт хэлбэрээр 20 мянган мод, мөчрөөр бэлдсэн тарьцаар Туул голын эргийн хамгаалалтад зурвас үүсгэн 100 мянган мод тарихаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа” гэдгээ танилцуулав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.