Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Эрүүгийн хуулийн өөрчлөлт буюу эрхийн "балайрал" хууль тогтоогчид

Огноо:

,

Сэтгүүлч:

УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өнгөрөгч баасан гаригт нэгэн хэлэлцүүлэг өрнөлөө. Эрүүгийн багц хуульд шинээр орж ирж байгаа “Гүтгэх” гэмт хэргийн тухай...

Энэ зүйл анги нь сүүлийн үест ихэвчлэн нийгмийн сүлжээний хэрэглэгчид болон сэтгүүлчдэд хамаатайгаар олны анхааралд өртөөд байгаа. Хамгийн сүүлд ихээхэн дуулиан тарьсан нэг тохиолдол бол “Элийрэгч” нэрээр твиттерт жиргэдэг Ц.Уянга гэх бүсгүйг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийг нь гүтгэсэн хэргээр цагдаад өгсөн явдал. Үүнээс болоод твиттерт Ц.Уянга бүсгүйг хамгаалах бүтэл бүтэн аян өрнөсөн билээ. Жиргээчид өөрсдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн эрх барьж буй өндөр албан тушаалтнуудын үг болоод үйлдэлд шүүмжлэлтэй хандах эрхээ хамгаалахын тулд нэгдсэн хэрэг.

Өнгөрөгч өвөл УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг “утсан хүүхэлдэй” гэж бичсэнийхээ төлөө бас нэг сэтгүүлч Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгийн торгуулийн шийтгэл хүлээж авсан нь твиттер хэрэглэгчдийн дунд бас нэг донсолгоон үүсгэж, жиргээчид #Х.Нямбаатар #Утсан хүүхэлдэй гэсэн хаштагаар нэг өдрийн турш жиргэсэн. ОХУ-ын нэг иргэн “Путин тэнэг” гэж бичсэнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээсэнд оросууд эсэргүүцлээ илэрхийлж, нийгмийн сүлжээнд нэгэн зэрэг “Путин тэнэг” бичсэнтэй агаар нэг юм.

Зөрчлийн хуульд бичсэн “гүтгэх” заалт нь хувь хүнийг 2.000.000 төгрөг, хуулийн этгээдийг 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэлтэй. Овсгоотой, эрх мэдэлтэй зарим нөхөд сэтгүүлчийг хоёр сая, хэвлэлийн байгууллагыг нь хорин саяар торгуулаад зогсохгүй араас нь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад нэр төрөө сэргээлгэхээр хэдэн зуун саяыг нэхэмжилдэг. Тэр маргаан нь хэдэн сар жилээр үргэлжилж, сэтгүүлчдийг ийм аргаар залхаан цээрлүүлдэг болоод байгаа. “Аймгийн Засаг дарга 15 удаа гадаадад зугаалжээ” гэж бичихээр “13 удаа зугаалсан байхад 15 гэж гүтгэлээ” гээд ялалт байгуулж байх жишээтэй.

Зөрчлууль хэрэгжиж эхэлсний дараа сэтгүүлчдийн байгууллагаас хуулийн хэрэглээг шүүмжилж, нэгэнт Иргэний хуульд байгаа заалтыг Зөрчлийн хуулиар давхардуулан хэрэглэж, маргааныг шүүхээр шийдвэрлэхийн оронд цагдаагийн байгууллагаас шууд шийтгэл оногдуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна хэмээн үзэж, “гүтгэх” заалтыг Зөрчлийн хуулиас хасуулахаар хууль санаачлагчид /Хууль зүй, дотоод хэргийн яам/ удаа дараа санал хүргүүлсэн байдаг юм.

Гэтэл хууль санаачлагч нь тэгэхээс тэгэх гэсэн шиг Зөрлийн хуулиас хасаад Эрүүгийн хууль руу эргүүлээд оруулаад ирснийг хууль тогтоогчид буюу УИХ одоо дэмжээд явж байна.

Хууль зүйн, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа 30 гаруй байгууллагын саналыг тусгаж авсан” гэх боловч тэдгээр дотор нь МСНЭ-ээс өгсөн санал багтсангүй. /Эрүүгийн багц хууль гэдэгт нь Эрүүгийн хуулиас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай нийт таван хуулийн нэмэлт өөрчлөлт багтсан/ Эсрэгээрээ гүтгэх заалт нь Эрүүгийн хууль руу эргээд ороод ирсэн байна. Энийг одоо юу гэх вэ?

Ердөө хоёрхон жилийн өмнө баталсан /2015 онд баталсан Эрүү, Зөрчлийн хуулийг энэ УИХ татаж аваад ийнхүү бантагнуулсан хэрэг/ хуулиа ингэж яаравчлан өөрчлөх болсон шалтгаан нь хуульчдын дунд маргаан дагуулаад байгаа “хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбоотой байлаа.

2017 оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн Эрүүгийн шинэ хуульд /1.10.2/ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн байна. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгож байна хэмээн шүүмжлэгдэж, хуульд өөрчлөлт оруулахаар болсон билээ. Одоогийн хуулиар албан тушаалын гэмт хэрэг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш таван жил өнгөрөхөд ялгүй болж байгаа. 2015 онд баталсан Эрүүгийн хуульд “гэмт хэргийг илэрсэн цагаас  эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох”-оор хуульчилсан байсныг 2017 онд өөрчлөөд ийм болгосон.

Үүнээс болж “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг жишээ нь хэдэн удаа шүүхээс буцсан билээ дээ. Анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй л бол хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгаад гэмт хэрэгтэн ялгүй болж байгаа юм. Гэтэл үүнийг “шүүх дээр хэрэг цавчдаг, шүүгч авилга авдаг” хэмээн хамгийн их шүүмжилж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө хэргийн “цавчааг” мөрдөн байцаалт, прокурорын шат руу татаж авчирч байгаа бололтой юм. Анхан шатны шүүхийн шийдвэр гартал тоолдог байсан хөөн хэлэлцэх хугацааг “яллагдагчаар татах хүртэл“ болгож наашлуулсан юм байна. Мөн ялгаагүй гэмт хэргийн мөрдөн шалгаж ажиллагаа явагдаж байхад хөөн хэлэлцэх хугацааг тоолоод, хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар ял, хариуцлагаас чөлөөлнө л гэсэн үг.

Уг нь бол хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тодорхой хугацаанд гэмт хэргийг илрүүлж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд дахин гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд уг гэмт хэргийн нийгэмд учруулсан гэм хор нь арилсан хэмээн үзээд ял хариуцлагаас чөлөөлдөг систем. Түүнээс биш хэргийг илрүүлээд, шалгаад явж байхад үйлчилдэг эд биш. Үүнийг Ц.Нямдоржийн цагдаа нарт Эрүүгийн эрх зүй зааж байгаа захын багш хэлээд өгнө.

Өөрөөр хэлбэл энэ удаагийн Эрүүгийн хуулийг өөрчлөх төсөл нь анх тавьсан зорилгоо гүйцэлдүүлж чадалгүй “таяг тойроод” буцаад ирсэн хэрэг. Хорлонтой нь ингээд зогсохгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү халдаад ороод ирж. Харамсалтай нь “хэвлэн нийтлэх эрх” гэдгийг зөвхөн сэтгүүлчидтэй холбож ойлгож болохгүй. Үүний цаана иргэдийн “мэдэх эрх” гэж маш том эрх ашиг байдаг. Хуулийн цаад зорилго нь үүнд л заналхийлж байгаа хэрэг.

Өргөн баригдаж, УИХ-аар хэлэлцэх эсэх нь дэмжигдээд байгаа Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд /13-ын 14-р зүйл/ “Гүтгэх” гэмт хэргийг;

“1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн байна.

Уг нь бол Иргэний хуульд “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” /хуулийн 21-р зүйл/ гээд бүхэл бүтэн зүйл анги биччихсэн байгаа. Нийт 9 заалттай. Тэнд нь "Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. Үүний улмаас гэм хор учирсан бол гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй” гээд заачихсан.

Иргэний хуульд байгаа энэ харилцааг яагаад Эрүүгийн хууль руу оруулж ирэх гээд байгаа юм гэсэн асуултад хууль санаачлагч /ХЗДХЯ/ “Нийгмийн сүлжээнд эзэн тодорхойгүй хуурамч нэр хаягаар хувь хүний нэр хүндэд халдсан худал мэдээллийг маш ихээр тарааж байна. Шүүх хэргийн холбогдогчийг эрэн хайх үүрэггүй учраас цагдаагаар шалгуулахын тулд Эрүүгийн хууль руу оруулж ирэхээс өөр аргагүй болсон” гэв. Арай ч дээ...

Тэртэй тэргүй хэргийн холбогдогчийг олж тогтоох нь шүүхийн биш, цагдаагийн байгууллагын үүрэг. Эзэн холбогдогч тогтоогдохгүй бол дээр шүүхээс захирамж гаргаад цагдаагаар ажиллагаа явуулах эрх нь байгаа. Тэгээд ч үүгээр шалтаглаад албан ёсны хэвлэл мэдээллийн сувгаар нийтэлж нэвтрүүлж байгаа мэдээ, мэдээллийг нийгмийн сүлжээний хуурамч хаягтай хольж хутгаж, ижил түвшинд үнэлнэ гэдэг байж болох зүйл үү?  

Нэрээ нуугаад хүн гүтгэж байгаа этгээдийг илрүүлэх нь цагдаагийн үүрэг. Харин нэр хүнд гутаагдсан үйлдлийг нь тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээх нь шүүхийн үүрэг. Ийм хоёр өөр чиг үүргийг нэг уутанд хийгээд сэгсэрч байгаа хууль санаачлагчид ямар ёс суртахуун байна аа. Хуулийн байгууллагууд нь хийх ёстой ажлаа хийхийн оронд хуулийн дор байгаа иргэддээ л хүч бяраа гаргаж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд түүнийгээ “Аль хэдийн манай мэдлээс гарчихсан. Одоо УИХ-ын хэлэлцүүлэгт байгаа учраас Байнгын хороонд асуудлаа тавь” гэж тавлах маягтай.

Угаасаа сэтгүүлчидтэй холбоотой “гүтгэсэн” гэх хэргийн ард  “хохирогч” гээд дандаа нэг дан, давхар дээлтэй улстөрчид, төрийн албыг төрлийн болгосон сайд дарга нар л байдаг. Өөрөөр хэлбэл олон нийтийн өмнө үүрэг хүлээж сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд. Шүүмжлэлд өртөмхий бүлэг ч гэдэг. Хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн барьсан Ц.Нямдорж сайд өөрөө ч цэвэр хүн биш. Нэг ёсондоо “ашиг сонирхлын зөрчилтэй” этгээд.

Харин сэтгүүлчид бол хэзээд олон нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг. Тэр утгаараа сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд илүү хүлээцтэй хандах шаардлагыг дээр хэлсэн “паблик фигур” буюу шүүмжлэлд өртөмхий хэсэгт тулгадаг.

АНУ-ын Дээд шүүх гэхэд бүр 1960-аад онд “Төрийн байгууллага, албан хаагчид өөрсдийн талаар хэвлэлд мэдээлэгдсэн зүйлийг няцааж чадаагүй тохиолдолд сэтгүүлчийг хариуцлагад татахгүй” гэдэг жишгийг шүүхийнхээ практикт хийчихсэн байх жишээтэй. Монгол Улсын Иргэний хуульд ч гэсэн нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаа этгээд, нэр төрийг нь сэвтээсэн гээд хариуцагчаар татагдсан этгээд хоёр хоёр талаасаа баримтаа цуглуулж ирээд шүүхэддэг. Өөрөөр хэлбэл, шүүх тэдэнд өөрөө өөрийгөө хамгаалах тэгш боломж олгодог. Гэтэл энэ хэрэг Эрүүгийн шүүхээр явчихаар прокурор буюу улсын яллагч /өөрөөр хэлбэл төр/ нэг талд нь ороод явчихдаг учраас маргалдаж байгаа хоёр талд тэгш боломж олгогддоггүй.

Тиймээс иргэний эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалья хадгалья гэвэл Эрүүгийн багц хуулийн нэмэлт өөрчлөлтөд бичсэн “гүтгэх” заалтыг хасч, Иргэний хуулиар хэрэг маргааныг шийдвэрлэдэг болохоос өөр аргагүй. Хэрвээ эсрэгээрээ бол хэвлэлийн эрх чөлөө болон иргэдийн мэдэх эрхэд халдаж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг санаатайгаар хавчин боогдуулж байна гэж үзэхэд хүрнэ.

Б.СЭМҮҮН
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна. 

Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ. 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо

Огноо:

,

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.

Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.

Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Огноо:

,

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.

Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.

Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.

Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.

Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.

Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.

Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.

Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Дэлхий нийтээр..2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Үйл явдал2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Үйл явдал2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Дэлхий нийтээр..2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Үйл явдал2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал2026/06/30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/06/30

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...2026/06/30

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал2026/06/30

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/30

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал2026/06/30

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал2026/06/30

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Үйл явдал2026/06/29

Анхааруулга!

Үйл явдал2026/06/29

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөв...

Үйл явдал2026/06/29

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд...

Үйл явдал2026/06/29

Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгу...

Үйл явдал2026/06/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Санал болгох