Тод индэр
С.Амарсайхан: МИК дундаас нь хувь авдаггүй бол иргэд ипотекийн зээлийг одоогийн 6 хувиас ч бага хүүтэй авах боломжтой

Дундаж орлоготой өрхүүдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, гэр хорооллын төвлөрлийг багасгах, зах зээл дээр байгаа орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Засгийн газар, Монголбанк хамтран, жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2013 оны зургаадугаар сараас олгож эхэлсэн. Түүнээс хойш 2020 он хүртэлх хугацаанд нийт 100 мянган өрхөд 5 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ.
Тус зээлийг авсан иргэд сар бүр өрхийн орлогынхоо 45 хүртэлх хувь буюу дунджаар 700 гаруй мянган төгрөгийг 30 жилийн турш төлж байна. Гэтэл иргэдийн төлж буй зээлийн эргэн төлөлтөөс шимэгчилж суудаг “Монголын ипотекийн корпораци" компанитай холбоотой ноцтой асуудлыг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр олон нийтэд дэлгэлээ.
Тэрбээр “Монголбанкнаас санхүүжилт нь гарч арилжааны банкуудаар дамжин иргэдэд хүрдэг уг хөтөлбөрөөс “Монголын Ипотекийн корпораци” зуучилсан гэдгээрээ иргэдийн сар бүр төлдөг төлөлтөөс хувь авч байна. МИК дундаас нь хувь авдаггүй бол монголчууд ипотекийн 8 хувийн зээлийг 5-6, одоогийн 6 хувийн зээлийг 5 хувиар авах боломжтой байсан. Тиймээс энэ асуудлыг цааш нь илүү нухацтай авч үзэж, бодит үр дүнд хүртэл нь тууштай анхаарч ажиллана” гэлээ.
Хөтөлбөрийн эхний жилд буюу 2013 онд 6600 өрхөд 900 тэрбум төгрөгийн зээл олгосон бол түүнээс хойш санхүүжилт буурсаар 2020 онд 5800 өрхөд 409 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлтэй байгаа аж.
Эх сурвалж: Шадар сайдын Ажлын алба
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.