Хэн юу хэлэв...
"Тохой илүү"
Сангийн дэд сайдаар Х.Булгантуяа гэх шавилхан бүсгүй томилогдсоныг сонсчихоод “Ийм мундаг толгойг тиймхэн албан тушаалд ашиглах ч гэж дээ, МАН-ынхан” хэмээн нэлээд нэр хүндтэй нэгэн эдийн засагч толгой сэгсэрч байж билээ. Тэр үед Дэд сайдын талаар мэдэхгүй байсан учраас чухамдаа яагаад тэгж үнэлснийг нь сонирхож, намтрыг нь хэрэг болгон уншсан юмдаг. Х.Булгантуяа тун ч энгийн бүсгүй. Элдвийн гоёл чимэглэлгүй, энгийн л нэг төрийн албан хаагч. Сайн танихгүй нэгэнд том яамны дэд сайд ч гэж харагдахгүй байх шүү. Тийм л энгийнээр амьдардаг бас ажилладаг. Гэхдээ эзэмшсэн мэргэжил, төгссөн сургуулийнх нь жагсаалтыг харвал энэ шавилхан бүсгүй өнөөгийн төрд суугаа олон арван улстөрчдөөс “тохой илүү” мэдлэгтэй гэдгээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд нотлон харуулсан юм.
Дэд сайд Х.Булгантуяа бүрэн дунд боловсролоо Австрали улсын Канберра хотын Лейнем дунд сургууль, мөн Монгол-Туркийн хамтарсан сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд эзэмшжээ. Дараа нь МУИС-д элсэн суралцсан бөгөөд үүнээс гадна БНХАУ-ын Дундад Хятадын Их сургууль, АНУ-ын Ейлийн Их сургуулийг Олон улсын эдийн засагч, хөгжлийн эдийн засагч мэргэжлээр тус, тус төгсчээ. 5000 ханз үсгэнд хятад хэлээр цэвэр ярьдаг, мөн англи хэлтэй гээд түүний өргөн мэдлэгийг олон хүн үнэлдэг. Ярилцлага авахад урамтай, ажлаа мэддэг эх сурвалж хэмээн сэтгүүлч бид ч түүнийг ихэд “тооно”. Ийм л толгой улс төрд хэрэгтэй. Тиймдээ ч МАН-ынхан түүнийг онилж, Х.Булгантуяа 2016 оны сонгуулийн үеэр Ардын намд Нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байлаа. Улмаар сонгуулийн дараа Сангийн яамны дэд сайдын албан тушаалд очсон юм. Харин ирэх онд Их хуралд өрсөлдөх нь тодорхой аж.
Тиймээс намынхаа дэргэдэх НАМЭХ-ны тэргүүний сонгуульт албан тушаалд өрсөлдөхөөр хүсэлтээ албан ёсоор өгсөн байна. Түүнтэй өрсөлдөх эмэгтэйчүүдийн нэр эхнээсээ дуулдаж байгаа ч миний үнэлсэн шиг “тохой илүү” мэдлэгтэй нь ховор харагдана билээ. Х.Булгантуяаг тийм ч сайн танихгүй. Олон газар ажлын шугамаар уулзаж, нэлээд хэдэн удаа нийтлэлдээ ашиглах тоо баримт салгаж явсан юм. Тэр бүхэнд энэ бүсгүйг өнөөгийн улстөрчдөөс хавьгүй чамбай мэдлэгтэй, дэргэдэх сайдаасаа ч үнэ цэнтэй намын кандитат хэмээн үнэлж байлаа. Цаашдаа ч ингэж л үнэлнэ. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын сонгуульт албан тушаал байтугай сайд, даргын албан тушаалыг ч түүртэхгүй хийх боловсролтой, чадалтай олон зуун эмэгтэйчүүдийн төлөөлөл, бидний дуу хоолой учраас дэмжсээр ч байх болно.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Үйл явдал2026/05/29
Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэл байна
-
Дэлхий нийтээр..2022/08/24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчд...
-
Дэлхий нийтээр..2022/06/15
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов
-
Үйл явдал2021/01/13
PCR шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn сайтаар цаг авч үйлчлүүлнэ ү...
