Тод индэр
Эмгэнэл

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Лхамжавын Цэрэн-Очир удтал хүндээр өвдөж байгаад 2019 оны 10 сарын 15-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын сэтгүүлзүйн салбарт хүнд гарз тохиолоо.
Л.Цэрэн-Очир 1950 онд Архангай аймгийн Ихтамир суманд төрж, бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн байна. Улаанбаатар хотноо Нийслэлийн арван жилийн 12 -р дунд сургуулийг 1968 онд төгсчээ. 1969 онд ардын цэргийн албанд дайчлагдан хугацаат цэргийн албан хаагч, байлдагч, бага дарга, 1971 оноос офицерын албан тушаалд дэвшин томилогдож идэр залуухан насандаа ажил хөдөлмөрийнхөө гарааг эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд зориулж эхэлжээ.
Сэтгүүлч Л.Цэрэн-Очир 1990 оноос чөлөөт сэтгүүлчийн нэн бэрхшээлтэй, үнэний төлөөх сорилттой цаг хурам бүрт нүүр тулан учирдаг "Эрэн сурвалжлагч"-ийн хөдөлмөрт сурч мэдсэн бүхнээ зориулж, Монголын анхны чөлөөт хэвлэл "АРДЧИЛАЛ", "Ил товчоо", "Өнөөдрийн тойм", "Ардчилал таймс" сонины сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгч, эрхлэгчээр 30 шахам жил тасралтгүй ажилласан нэртэй сэтгүүлч байлаа.
2012-2014 оны хооронд МҮОНР-ийн захирлаар томилогдон ажиллахдаа улс төр , нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, гадаад харилцаа, зэвсэгт хүчин, холбоо харилцаа, зам тээвэр, мал аж ахуй, газар тариалан, хууль шүүх эрх мэдлийн, бизнесийн салбарын мэдээ, мэдээллийг улс орон даяар түгээж дэлгэрүүлэх, хүн ардаа соён гэгээрүүлэх их үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн билээ.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, "Цэргийн хүндэт медаль", "Ардын Армийн 50 жилийн ойн медаль", "Зэвсэгт хүчний 60 жилийн ойн хүндэт медаль", "Дайчин алдар хоёрдугаар зэргийн медаль", "ЗХУ-ийн Зэвсэгт хүчний Гвардийн медаль", "Чехословак улсын Зэвсэгт хүчний хүндэт медаль", "Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль", "Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль", "Ардчилсан хувьсгалын Эрх чөлөөний одон", төрийн дээд шагнал "Алтангадас одон", "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ.
Талийгаач Л.Цэрэн-Очир богинохон хугацаанд бидэнтэй хамт ажиллаж, Монголын радиог удирдахдаа аливаад чин сэтгэлээсээ хандахын үлгэр дууриал болсон хүн байв. Тэрбээр хүний төлөө, үнэний төлөө өөрийгөө умартаж, байгаа бүхнээ бусдад зориулдаг хүнлэг ариун сэтгэлтэй, эгэл энгийн зан чанартай сайхан эр хүн байлаа.
Талийгаачийн хичээнгүй тууштай чанар, халуун дулаан сэтгэл, нөхөрлөлийн үнэ цэнийг ямагт өргөдөг сайхан зан, үлгэр дууриал нь бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Та алтан дэлхийн хөрснөө тайван нойрс доо.
МҮОНРТ-ийн хамт олон
Тод индэр
П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан
Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оны 09 дүгээр сард байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс хуулийн төслийг боловсруулах явцын талаар тодрууллаа.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй гол зорилго нь юу вэ?
-Хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр Нийслэл Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээг өсгөж байна. Гэвч үүнийг дагаад цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерээс унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гэмтэлд өртөх, иргэдийн аюулгүй, тайван зорчих эрхэд нөлөөлөх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах явдал ихсэж байна.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 700-800 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик мэдээлэл бий. Үүний хажуугаар шинэ тутам гарч ирж буй цахилгаан тээврийн хэрэгслүүд ямар ч зохицуулалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байна. Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд зайлшгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.
-Уг хуулийн төслийг боловсруулахад бусад улсын туршлагыг судалсан уу?
-Манай ажлын хэсэг өнгөрсөн сард Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж, туршлага судлаад ирсэн. Тус улсын байгаль цаг уурын онцлог, түгжрэл, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ зэрэг нь манай улстай төстэй юм билээ. Түүнчлэн цахилгаан скүүтер, цахилгаан дугуйг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдаа 2023 оны 06 дугаар сард өөрчлөлт оруулж, баталсан гэдгээрээ онцлогтой. Тус хуулиар цахилгаан скүүтер, жижиг цахилгаан тээврийн хэрэгсэл хэмээн тодорхойлсон байдаг. Манай ажлын хэсэг хуулийг боловсруулж батлуулсан салбарын яам тамгын газар, энэ чиглэлд бизнес эрхэлдэг компаниудын төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ Астана, Алматы гэх томоохон хотуудад ажилласан. Алматы хотын тухайд авто замын нэгдүгээр эгнээг цахилгаан дугуй, скүүтер, мопедын зам болгож, тусгайлсан гэрлэн дохиотой болгож өгсөн нь сайн шийдэл байсан.
Казахстан улс цахилгаан скүүтерийг 25 км/цагаас хэтрэхгүй, зөвхөн 1 хүн унахад зориулагдсан, суудалгүй, 2 эсвэл 3 дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ гэж тодорхой дурдсан байна билээ. Харин бидний хувьд тус улсын туршлагыг үндэслээд асуудлыг цогцоор нь шийдэх гээд зорьж байна.
-Хуулийн төсөлд орж буй өөрчлөлтийн талаар танилцуулахгүй юу?
-Товчхондоо цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насны хүн жолоодно гэж тусгасан. Мөн эдгээр тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчилна. Цаашлаад цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгана. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинээр тодорхойлох юм.
-Цахилгаан скүүтерийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хуулийн төслийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс аль болох л хууль шаардлагагүй. Бид стандартаа баталчихвал мөрдөөд байж чадна гэдэг байр суурийг илэрхийлсээр байдаг. Гэхдээ хуулиар зохицуулж, хариуцлагажуулж үүрэгжүүлэхээс өөр аргагүй. Хууль баталж байж л бид шаардлага тавьж, хариуцлага нэхнэ. Одоо скүүтер түрээсийн бизнес эрхлэгчидтэй төрийн байгууллагуудын харилцаа нь албан бичиг солилцох хэлбэрээр өрнөж байна. Албан бичиг өгсөн гээд хариуцлага шаардах хууль эрх зүйн үндэслэл үүсэхгүй учраас хэн ч мөрдөж дагахгүй. Хууль баталж байж л хяналт зохицуулалтыг албажуулна. Хүний амь насны асуудал шүү дээ. Тээврийн цагдаагийн албаныхан скүүтер унасан иргэн гэдэг зам дээр хутга бариад гүйж байгаа хүнээс ялгаагүй байна хэмээн тодорхойлж байна. Яг голыг нь олсон тодорхойлолт шиг санагдсан.
-Хуулийн төсөл ямар шатанд явж байна вэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт иргэд, олон нийт, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох төрийн байгууллагуудын 100 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг хуулийн төсөлд тусгасан. Манай ажлын хэсэг тус хуулийн төслийг өнгөрсөн оны 09 дүгээр сараас хойш боловсруулж, үндсэндээ Улсын Их Хурлын намрын чуулганы завсарлагааны хугацаанд төвлөрч ажилласан. Үүний дүнд хуулийн төслийг 2025 оны 03 дугаар сарын 23-нд Улсын Их Хурлын Тамгын газрын d.parliament.mn/ сайтад байршуулж, https://d.parliament.mn/tusul/c618cdf9-42ec-4c4d-875c-8c3e79b93795 олон нийтээс санал авч, /2025.04.15/-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт санал авахаар хүргүүлсэн.
Засгийн газрын ирүүлсэн саналыг хуулийн төсөлд тусгаж эцэслэхээр бэлтгэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар бэлтгэж байна.
Тод индэр
Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
-Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал, гуравдугаар станцад онцгой дэглэм тогтоов-
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудтай нь уулзаж, үүрэг даалгавар өглөө.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн албаны чиг үүргийн давхцал, орон тоог нэмээд зогсохгүй хариуцлагыг эзэнгүйдүүлж байгаа талаар хэлэлцэж бүх яамдад бүтцийн давхардал, чиг үүргийн шинжилгээ хийж давхардсан орон тоог цомхотгох чиглэл өгсөн.
Мөн төрийн зарим үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, төрийн оролцоог багасгах, цахимжуулалтыг тууштай нэвтрүүлж, иргэдэд үйлчилдэг төрийн алба бий болгохыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон. Энэ хүрээнд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл сонссон. Ингээд Засгийн газрын тогтоол гарч "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-д 2025 оны зургадугаар сарын 02-ны өдөр осол гарсантай холбогдуулан компанийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус компанийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан гэдгийг танилцууллаа.
Тус тогтоолоор эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварын ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон байна.
“Эрчим хүчний үндэсний хороо, Үндэсний зөвлөл, яам, агентлагууд нэг удирдлагатай байх зайлшгүй шаардлагатай. Гуравдугаар станцын ослын нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгагдаж байгаа. Гэсэн ч салбарын удирдлагын тогтолцоо тодорхойгүй байдалд шилжсэнээр салбарт хариуцлага алдагдсан нь мэргэжлийн инженер, техникийн ажилчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан байх магадлалтай. Ашиг сонирхол, албан тушаалын зөрчилдөөн тус салбарт сүүлийн 20 жил бугшсан, үүнээс болж V цахилгаан станц зэрэг шинэ төслийн явц тасалдаж байгааг Ерөнхий сайд хэлээд нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг яамны удирдлагуудад анхаарууллаа.
"Дулааны цахилгаан станц-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна гэдгээ тэрбээр мэдэгдлээ.
Ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байж, улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийн төлөө онцгой анхаарч ажиллах ёстой. Тийм ч учраас тус яаманд өнөөдөр ажиллаж, Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байгаагаа Ерөнхий сайд онцлов.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд эрчим хүчний салбарт Тавантолгойн цахилгаан станц, ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, ДЦС-5, Бөөрөлжүүтийн хоёрдахь шатны цахилгаан станцын төсөл, Тосонцэнгэл, Сүхбаатар, Даланзадгадын дулааны цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд бий. Эдгээрийг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийллээ.
Тод индэр
Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна
Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.
Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.
Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
-
Тод зураг2019/08/08
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Өнөөдөр2019/12/11
Байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно
-
Тод мэдээ2021/09/21
Нийтийн тээврийн маршрутыг оновчтой, ойлгомжтой, шинэ түвшинд гаргах судалгааг э...
-
Тод мэдээ2024/09/02
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн анхдугаар хуралдаан бол...