Дэлхий нийтээр..
Газрын төлбөр тогтоох нэрийдлээр шат шатанд нугалаа гаргадаг байдлыг таслан зогсооно
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Газрын шинэтгэлийн үндэсний хорооны VIII хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр боллоо.
Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн үндэсний хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Мөн “Газрын нэгдмэл сангийн цахим систем” буюу Төрийн өмчийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулах асуудлыг хэлэлцэв.
2020-2021 онд Төрийн өмчийн газрын мэдээллийн санг байгуулж, газрын нэгдмэл сангийн өөрчлөлт, шинэчлэл, тайлангийн үйл ажиллагааг цахимжуулах системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод буй аж. Уг цахим системийг нэвтрүүлснээр төрийн байгууллагуудыг холбосон дундын мэдээллийн санг байгуулах, төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж буй зөрчлийг арилгах, нөхөн сэргээх шаардлагатай байгаа газрыг тодорхой болгох зэрэг ач холбогдолтойн зэрэгцээ жилд улсын төсөвт 10-15 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэдгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай хэллээ.

Одоогоор ойн болон усны сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газрууд, хөдөө аж ахуйн зориулалттай, хот тосгоны болон зам дэд бүтцийн газруудыг нэгдсэн цахим системд холбоод байгаа аж.
Хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн асуудал нь Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв.
Газрын тухай хуулийг анх 2002 онд анх баталж, 2003 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 32 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч давхардал, хийдэл байсаар байна. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслийн онцлог нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт газрын үнийг дур зоргоороо, өөр өөр тогтоодог байсныг зөвхөн аймаг, нийслэлийн түвшинд нэгдсэн байдлаар тогтоохоор цэгцэлж буйгаас эхлээд газартай холбоотой авилга, хээл хахуулийг зогсооход чиглэсэн олон зохицуулалт тусгагдсан гэж албаныхан танилцуулсан.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, "Газрын төлбөр тогтоох нэрийдлээр шат шатанд нугалаа гаргадаг байдлыг таслан зогсоохын тулд уг хуулиар аймаг, нийслэл үнээ тогтоодог итгэлцүүртэй болж байгаа нь сайн хэрэг. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд маш их хохирдог учраас итгэлцүүрийн хувийг маш сайн судалж, нягталж байж тогтох ёстой.
Газрын нэгдмэл сангийн цахим системээр дамжуулан газар ашиглалт, зохион байгуулалтыг ил тод нээлттэй байлгах замаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, өгөөжийг нь нэмэгдүүлэх технологийн шийдлүүд ч энэ хуулиар нэгтгэгдэж явна" хэмээгээд Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин сайтар нягталж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БХБ-ын сайд Д.Мөнхбаатар болон бусад холбогдох албаныханд үүрэг болголоо.

Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Хэн юу хэлэв...2020/11/16
У.Хүрэлсүх: Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол сахилга б...
-
Дэлхий нийтээр..2026/05/15
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлууд...
-
Тод зураг2019/09/06
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Дэлхий нийтээр..2023/10/26
Монголын Үндэсний Бөхийн холбоо Прокурорын мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжэ...
