Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Д.Сумъяабазар: Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавьж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Оны эхнээс нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулиар нийслэл хотын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дэд бүтцээр хангагдах эрхээ эрх бүхий байгууллагуудаас шаардах эрхтэй болсон юм. Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламж, гарааш зэргийг буулган, иргэдийнхээ тав тухыг хангасан орчин бүрдүүлэх ажлыг нийслэл өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Тэгвэл өдгөө энэ ажлын хүрээг тэлж, Улаанбаатар хотыг зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайснаас чөлөөлж, иргэдийн тав тухыг хангасан орчин олныг бий болгохыг  хотын удирдлагын баг зорьж байна.

Д.Сумъяабазар: Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавьж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас газар чөлөөлөлттэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрсөн онд нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу I, III, IV, XI, XIII хорооллуудад зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, барилга, гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Энэ ажлыг 2022 онд эрчимжүүлнэ гэж та өнгөрсөн жил хэлж байсан. Тус ажлыг хэзээнээс эхлэхээр төлөвлөж байна вэ?

-Социализмын үед хувийн өмч гэж огт байгаагүй шахам юм. Социализмын бүтээн байгуулалт, хүмүүсийн сэтгэлгээ ч тийм л байсан. Нийгмийн өмч, нийтийн хөрөнгө. Тэр хүрээнд  дөч, тавин мянгат, I, III, IV хороолол, бичил хорооллууд баригдсан. Тухайн үед орон сууцны барилгуудад гарааш байхаар төлөвлөлт, зохион байгуулалт хийгээгүй. Ерээд оноос хойш иргэд маань хувийн өмчтэй, тэр дундаа хувийн машинтай болж, гарааш барих газар хүсэх нь олширч, тэр дагуу тухайн үеийн хотын удирдлагууд гарааш барих зөвшөөрөл өгөх болсон.

Мөн орон сууцны нэг давхруудыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, тэр хэрээр хашаа, хайс барих зэргээр анхны төлөвлөлтийг алдагдуулсан байдаг. Тэр бүхнийг өнөөдөр зөв, буруу гэж шүүхээс илүү яаж засах вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа, дутагдлыг засах бодлого хэрэгтэй. Бид зөв зохицуулалтыг эрэлхийлж, эхнээс нь суурийг нь тавиад явж байна. Тэгэхээр хотын эрх зүйн зохицуулалт, дүрэм, стандарт орчин үед ямар байх ёстой вэ гээд бодлого руу эргээд орж байгаа. Бүх юм хууль, эрх зүйн зохицуулалт, дүрэм, журам, стандартын дагуу явах ёстой.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарааш буулгахдаа зарим нэг зөвшөөрөлтэйд нь нөхөн олговор олгож, зөвшөөрөлгүйг буулгаж ирсэн. Нийтдээ мянга орчим гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Үүнд бухимдаж уурлах хүн ч цөөнгүй. Мянган гарааш гэдэг бол урьд өмнөх жилүүдэд буулгаж байснаас 10 дахин өндөр тоо. Буулгасан гарааш, хашаа, хайсны оронд ногоон байгууламж бий болгосон. Ингэснээр иргэд явган замаар зорчиход эрсдэлгүй болсны дээр ая тухтай орчин бүрдэж байна. Энэ бол нэг талдаа хотын зүгээс хийж буй ажил боловч нөгөө талдаа иргэдийн хүлээлт их байна. Иргэд энэ ажилд өндөр үнэлгээ өгч, дэмжиж байгаа. Одоо ч хүлээлттэй байгаа. Хотын өнгө үзэмжийг нэмэх, орон зайн төлөвлөлтийг зөв болгох, иргэд чөлөөтэй орж гарах, алхах нөхцөлийг бүрдүүлэхийг олон нийт хүсэж байгаа. Энэ ажлыг энэ жил үргэлжлүүлнэ. 4800 орчим гарааш буулгах төлөвлөгөөтэй байгаа.

Дээр нь хашаа хайсуудыг буулгана. Хотын төвөөр хашаа, хайсыг дураараа барих нь өнгө үзэмжгүй болгохын дээр газрын гэрчилгээтэй л бол хашаа хатгана гэсэн ойлголтыг хална. Улаанбаатар хотын 188 байршилд 4800 гарааш буулгах чиглэлийг есөн дүүргийн удирдлагуудад өгөөд байгаа. Газар зохион байгуулалтын алба энэ тал дээр эрчимтэй ажиллана. 4800  гараашийг буулгахад хотын өнгө үзэмж эрс өөрчлөгдөнө. Харагдах байдал, орон зай өөр болно. Энэ жил ногоон байгууламжийг маш сайн гүйцэтгэхээр төлөвлөж байгаа.

Гуравдугаар сарын 15-наас ажил эхэлнэ. Дөрөвдүгээр сарын 1-нээс бүтээн байгуулалт эхэлнэ. Нийт тендерийн 90 хувь нь гүйцэтгэлээр орж, тендер шалгаруулах процессдоо орсон байна. Хавар, зуныг хэрхэвч алдаж болохгүй. Ялангуяа Улаанбаатар хотын төв буюу Бага тойруу, Их тойрууд орон зайн төлөвлөлтүүдийг хийх, онцгой чиг үүрэгтэй тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх бололцоог хангах, хүүхдийн парк болон бусад газрын төлөвлөлтүүдийг нарийвчилж хийхээр төлөвлөсөн. Улаанбаатар хотын Ерөнхий архитекторт үүрэг өгсөн. Энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгож, хувийн хэвшилтэйгээ хамтарсан, нийслэлийн зүгээс манлайлал үзүүлсэн, олон улсын түншлэлийн хэмжээнд зохицуулалт хийхээр олон ажил төлөвлөсөн.

-Газар чөлөөлөлтийн ажил гуравдугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ныг хүртэл таван сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд зөвшөөрөлгүй барьсан объектуудыг буулгачихаад, дараа нь ямар бүтээн байгуулалт хийх вэ. Зорьж буй ажлаа хийж амжих болов уу. Гүйцэтгэгчдийг хэр шахаж ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн жил газар чөлөөлөлт, ногоон байгууламжийн ажилд нэлээдгүй туршлагажсан. Ажлын туршлага бол маш чухал шүү дээ. Өнгөрсөн жил 1000 орчим гарааш буулгасан бол энэ жил 4860 орчмыг буулгана. Энэ ажилдаа нэг их түүртэхгүй байх. Гол нь зохион байгуулалтаа сайн хийх үүргийг л өгч байгаа. Зарим газар нь шөнө нь гараашаа буулгаад, өглөөнөөс нь тохижилтоо хийж эхлэх хэрэгтэй.

Хэмжээ багатай газрыг дор нь буулгаад л цэвэрлэх ёстой. Ногоон байгууламжтай, ая тухтай орчныг л бүрдүүлэх үүрэг, чиглэлийг дүүргүүд болон бусад харьяа байгууллагууд аваад, ажилдаа орж байгаа. Улаанбаатар хотын хувьд 2022 оныг иргэний жил болгон зарласан. Иргэнд ээлтэй байх, иргэн ажлын байртай байж, орлоготой байх ёстой шүү дээ. 2022 онд маш сайн зохион байгуулалтад ороод ажиллахад эерэг бодитой үр дүн, өөрчлөлтүүд нүдэнд илт харагдана гэж үзэж байна хэмээлээ.  

Г.Батзориг: Газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт, ногоон байгууламж хийнэ

2021 онд Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд стандартын бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчил бүхий гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл, хашаа, хаалт, хайс, шон зэргийн 1556 объектыг чөлөөлж, 43 байршилд тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бөгөөд дөрвөн байршилд тохижилтын ажлыг хийж дуусгажээ. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригтой ярилцлаа.

-Өнгөрсөн жил Хотын дарга хоёр захирамж гаргаж, нийтийн эдэлбэр газрыг нийтэд нь үлдээх шийдвэрийн дагуу хэд хэдэн байршилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжууд буюу гараашийг чөлөөлсөн. Энэ жилийн хувьд ажил ямар шатандаа явж байна вэ?

-Энэ жил нийт зөвшөөрөлгүй 4860 гарааш буулгаж, зөрчил арилгахаар ажиллаж байна. Газар чөлөөлөх ажлыг 2022 оны гуравдугаар сарын 15-наас хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхлээд цэцэрлэг, сургууль орчмын гараашнуудыг буулгаж эхэлнэ.

-Гарааш буулгах явцад олон нийтийн хандлага ямар байна вэ?

-Өнгөрсөн жил 1000 орчим гарааш чөлөөлсөн. Иргэд маш идэвхтэй дэмжсэн. Энэ жил мөн дэмжиж байна. Эдгээр газруудыг зөвхөн чөлөөлөх бус, тохижилт хийх, ногоон байгууламж барих, зам талбай гаргах ажлууд хийнэ. Чөлөөлсөн талбайд ямар нэг барилга барихгүй. Тодорхой байршлуудад иргэдтэй зөвшилцөж байгаа. Нэг жишээ татахад I хорооллын ард 1900 орчим гарааш бий. Үүнд тохижилт хийх, ногоон байгууламж барих ерөнхий төлөвлөгөөг батлуулна.

-Нийтийн  эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгаж, бүтээн байгуулалт хийхэд иргэд голчлон ямар саналтай байна вэ?

-Тухайн оршин суугчдаас санал авахын тулд нэлээн ажиллагаа хэрэгтэй байгаа. Доороо зогсоолтой байрнууд тусдаа, зогсоолгүй байрнууд бол давхар гарааштай, тоглоомын талбайтай гэх мэт олон янзаар яригдана. Бид газрыг буулгаж чөлөөлөөд, иргэдээс санал авч  байгаа. Энэ бол үе шаттай, тодорхой хугацаанд хийх ажил. Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай нийслэлийн хэмжээнд их дутагдалтай байна.

-Өнгөрсөн жил чөлөөлсөн газруудад ямар бүтээн байгуулалтууд бий болсон бэ?

-Өнгөрсөн жил 1500 орчим объект, зөрчлийг арилгасан. Нийт 37 мянган мкв газрыг чөлөөлж, дөрвөн байршилд ногоон байгууламж, тоглоомын талбай хийсэн. Мөн 43 байршилд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бий болох нөхцөлийг бүрдүүллээ.

НИТХ-ын 2019 оны тогтоолоор нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх, хашаа хайсны журам гэж гарсан. Бид уг журмыг энэ жил дахин хэрэгжүүлнэ. Өнгөрсөн жилийн хувьд 1500 орчим байршилд газар чөлөөлөлт хийсэн. Гэсэн ч газар чөлөөлөлт хийсэн байршилд дахин хашаа, хайс татсан асуудал гарсан. Тиймээс энэ жил 57 байршилд 400 орчим газрыг дахин чөлөөлнө. Хашаа, хайстай холбогдох журмыг мөрдүүлж, шон татаж, гинжилдэг байдалд арга хэмжээ авна.

-Өнгөрсөн жилүүдэд чөлөөлсөн газар дээр дахин хашаа, хайс барьсан асуудал гарсан гэж байна шүү дээ. Магадгүй энэ цаашид давтагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлсний дараа дахин хашаа баривал ямар хариуцлага тооцох вэ?

-Өнгөрсөн жилийн тухайд уг ажлыг дан ганц Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба л хэрэгжүүлээд явдаг байсан. Энэ жил арай өргөжиж байгаа. Өөрөөр хэлбэл, Хотын стандарт, хяналтын газар, НМХГ, НОБГ зэрэг боломжит бүхий л харьяа байгууллагууд хамтран хэрэгжүүлж, хяналт тавихаар төлөвлөсөн. Шон, хайсыг буцааж бариулахгүй байх тал дээр нь анхаарах гэхчлэн бүх арга хэмжээг цогцоор нь авна.

Иргэд: Зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашнуудын оронд ногоон байгууламжийг нэмэгдүүлээсэй

Иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөхөд дараах байр суурийг илэрхийлж байна.

-Улаанбаатар хотод цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудад зориулсан газар цөөхөн болохоор тиймэрхүү чиглэлийн бүтээн байгуулалт хийгээсэй гэж бодож байна.

-Гол нь буулгаж байгаа гараашнууд нь зөвшөөрөлгүй байгаа тохиолдолд ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалт хийвэл зүгээр байх.

-Энд тэндгүй ашигладаггүй хуучин гараашнуудтай. Хажуугаар нь зөрж өнгөрөхөд хүртэл хэцүү, хог шороо ихтэй, хүмүүс шээж, баагаад бас л хэцүүхэн л харагддаг шүү дээ.  Ялангуяа хүүхдийн цэцэрлэгийн урд ийм гарааш олон байдаг болохоор хурдан буулгаасай л гэж бодож байна.

-Тоосгон гараашнууд  хотын өнгө үзэмжид муугаар нөлөөлөхүйц л харагддаг. Мэдээж хувь хүний өмч хөрөнгө байгаа л байх. Гэхдээ зөвшөөрөлгүй гарааштай бол нийтийн эрх ашгаа бодож нураах л хэрэгтэй болов уу.

-Ногоон байгууламжуудыг нэмэгдүүлбэл агаарын бохирдлыг ч бууруулахад дэмтэй. Тэгэхээр зөвшөөрөлгүй, ашигладаггүй гараашнуудын оронд ногоон байгууламжийг нэмэгдүүлээсэй.

-Иргэдийнхээ эрүүл мэндийг бодоод ногоон байгууламжаа нэмж барихад түлхүү анхаарах хэрэгтэй байх.

-Тоосгон гараашнууд чинь харагдах байдлаасаа ч муухай харагддаг. Тэгэхээр тэдгээрийг буулгаж, газар чөлөөлж байгаа ажил бол маш зөв гэж харж байгаа. Зөвшөөрөлгүй бол буулгасан нь л дээр.

 НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна. 

Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ. 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо

Огноо:

,

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.

Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.

Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Огноо:

,

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.

Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.

Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.

Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.

Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.

Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.

Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.

Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Дэлхий нийтээр..2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Үйл явдал2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Үйл явдал2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Дэлхий нийтээр..2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Үйл явдал2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал2026/06/30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/06/30

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...2026/06/30

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал2026/06/30

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/30

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал2026/06/30

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал2026/06/30

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Үйл явдал2026/06/29

Анхааруулга!

Үйл явдал2026/06/29

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөв...

Үйл явдал2026/06/29

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд...

Үйл явдал2026/06/29

Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгу...

Үйл явдал2026/06/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Санал болгох