Тод мэдээ
Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол болов
Бүх цэргийн Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол энэ сарын 8-ны өдөр боллоо. Энэхүү тайлгын ёслолд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд оролцов. Тэнгэр заяат Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж, төр улсаа төвхнүүлэн сүр хүчээ бадруулахаар мөнх тэнгэрээс илгээсэн Цэргийн хар сүлдээ бүх Монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, түг түмэн цэрэг, баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулдаг уламжлалтай.
Эрт цагаас нааш үеийн үед дамжин ирсэн энэхүү ёслолыг үйлдсэнээр өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив, дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгадаг юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Тод мэдээ
ШӨХТГ: 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 4 дүгээр сард нийт 497 иргэн хандсан байна. Үүнээс 438 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 8 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 7 иргэний гомдлыг хариуцах салбар шилжүүлж, 44 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэж 4.217.000 төгрөгийн хохирол барагдууллаа.
Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 171, харилцаа холбоо 60, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 13, цахилгаан 9 , банк, санхүү, даатгал 35, барилга 17, боловсрол 2, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 4, контор 60, НӨАТ 7, өрсөлдөөн 7 , СӨХ 7, тасалбартай холбоотой 1, түрээсийн асуудлаар 2, шатахуун 4, эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой 12, бусад асуудлаар 86 иргэн хандсан байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл