Тод мэдээ
2022 оныг “Хотын иргэний жил” болгоно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө болон бусад холбогдох баримт бичиг, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор энэ оныг “Хотын иргэний жил” болгон зарлах саналыг гаргаад байгаа юм. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс 2022 онд хотын иргэдэд боловсрол олгох, соёлыг төлөвшүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах юм.
2022 онд зургаан зорилтыг дэвшүүлэн, иргэд олон нийт рүү чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцууллаа. Тодруулбал, “Хотын иргэний мэдлэг боловсрол”, “Хотын иргэний соёл”, “Хотын иргэний орлого”, “Хотын иргэний орчин”, “Хотын иргэний эрүүл мэнд”, “Хотын иргэний аюулгүй байдал” зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна. Ингэхдээ хоёр сар тутамд нэг зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар тооцоолжээ. Тухайлбал, нэг болон хоёрдугаар сард “Хотын иргэний мэдлэг боловсрол” зорилтыг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, төрийн үйлчилгээний шинэчлэлийн чиглэлээр төрийн албан хаагчдын соёлтой харилцааг хэвшүүлэх, төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг зохион байгуулах боломжтой. Мөн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэн, менежментийг шинэчлэн сайжруулах тухай танилцуулсан юм.
Харин гурав болон дөрөвдүгээр сарыг иргэний соёлын сар болгон зарлаж, автобусны буудлыг тохижуулан, тоог нэмэгдүүлэх, авто зогсоолын менежментийг сайжруулах болон бусад чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах аж. Нийслэлийн хэмжээнд 1081 нийтийн тээврийн зогсоол байгаа бөгөөд иргэдийн 51 хувь нь автобусаар зорчдог гэсэн судалгаа гарсан. Иймд автобусны зогсоолыг тодорхой стандартын дагуу шинэчлэх шаардлагатай. Харин авто зогсоолын нэгдсэн системийг бий болгож, стандарт хангасан төрөлжсөн авто зогсоолын тоог нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай судалгааг хийгээд байна. Тав болон зургаадугаар сард хотын иргэний орлогыг дэмжих чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах талаар танилцууллаа. Ингэхдээ гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг хангаж, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх амралт зугаалгын орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд хамаарах 12.211 ам метр талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж бололцоог бүрдүүлэхээр шаардлагатай судалгааг хийгээд байгаа аж. Нийтийн эдэлбэр гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх орчин нөхцөлийг бий болгосноор хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, иргэний орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж буй. Энэ мэтчилэн хоёр сар тутамд тодорхой зорилтыг дэвшүүлэн, зорилтот арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар танилцууллаа. Зөвлөлийн хурлын гишүүдийн зүгээс дээрх зорилтуудад нэг бүрчлэн анхаарч, гэр хорооллын бүсийг орхигдуулахгүй байх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, дээрх арга хэмжээнүүдэд хамтран ажиллах, уг зорилтот жилийг ирэх онуудад улам сайжруулан, үргэлжлүүлэх саналтай байгаагаа илэрхийлж байлаа. Ийнхүү 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцэн зөвлөлийн гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Тод мэдээ
Баянгол дүүргийн 2 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарчээ
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, байршил дээр нь дахин төлөвлөлтийн 15-20 төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтыг үе шаттай зарласан.
Ийнхүү хоёр төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа. Тодруулбал,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 35, 36 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн чансаа” ХХК;
- Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 32 дугаар орон сууцны барилгыг буулган, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” ХХК тус тус шалгарсан юм.
Батламж гардуулах үеэр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд амжилт хүсэн “Хамгийн гол нь хариуцлага алдахгүйгээр иргэдтэйгээ харилцан тохиролцож, бүтээн байгуулалтын ажилдаа яаравчлан орох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажил цаг ямагт маргаан дагуулж байдаг. Гэвч та бүхнийг өнгөрсөн алдааг давтахгүй, хариуцлагаа өндөржүүлж, айл өрхийн амьдрах орчныг сайжруулахын төлөө хичээж ажиллана гэдэгт итгэж байна” гэв.
Тод мэдээ
Улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарилыг шүршиж угаах ажлыг тогтмол хийж байна
Нийслэлийн хэмжээнд 38.8 мянга гаруй улиас мод байдаг. Үүнээс 50.4 хувь буюу 19.5 мянган гаруй улиас нь нийслэлийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Нийт улиас модны 46.9 хувь буюу 18232 ширхэг нь эм улиас гэж нэрлэгддэг. Энэхүү эм улиас модны унгарилын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд хийж байна.
Тухайлбал, 2025 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 86 байршилд 9298 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 51 хувийг хэлбэржүүлсэн. Харин энэ зургаадугаар сарын байдлаар нийтийн эзэмшлийн 157 га талбайд ургаж байгаа улиас модыг хэлбэржүүлэх, молцог түүх, унгарил гарсан үед шүршиж угаах зэрэг ажлыг тогтмол хийж байна.
Зургаадугаар сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгарилыг усаар шүршсэн. Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40 хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэллээ. Мөн ААНБ-ууд өөрсдийн эзэмшлийн талбайд байгаа улиас модны унгарилыг усаар шүршиж цэвэрлэхийг уриаллаа.
Тод мэдээ
Э.Ниндэв: Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах шаардлагатай
Нийслэлийн зүгээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах төслийг боловсруулж, Зам, тээврийн яамтай санал солилцож байна.
Уг стандартыг баталснаар манай улсын автомашины дугаартай иргэд олон улсад зорчихдоо ямар нэгэн саадгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна ашиглаж буй улсын дугаараа дур мэдэн сольж, өөрчлөх зөрчил багасах ач холбогдолтой.
Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Өнөөдрийн байдлаар манай улсад мөрдөгддөг тээврийн хэрэгслийн улсын дугаарын MNS 4410:2017, MNS 4410:2002 стандарт нь олон улсын стандартад нийцдэггүй. Иймээс Монгол Улс Замын хөдөлгөөний тухай конвенц /олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенц/-д нэгдсэнийхээ дагуу иргэдийн зорчих эрхийг эдлүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн олон улсын дугаарын стандартыг нэвтрүүлэх шаардлага гарсан. Мөн лацны стандартыг батлах ёстой. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн дугаарыг хоорондоо дамжуулах, тэгш, сондгойгоор хязгаарласан үед болон товчоогоор гарахдаа сольдог зөрчил арилна” гэв.
Гэсэн хэдий ч автомашины улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх, лацны стандартыг батлах нь төслийн шатандаа явж байгааг анхаарах хэрэгтэй. Хэрэв стандарт батлагдаж, хэрэгжих үед бүх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг төсвийн мөнгөөр солихгүй. Өөрөөр хэлбэл иргэд тээврийн хэрэгсэлдээ шинээр дугаар авч байгаа тохиолдолд шинэ стандартаар дугаарыг олгоно. Харин хуучин дугаартай иргэд өөрсдийн хүсэлтээр дугаараа шинэ стандартад шилжүүлэх боломжтой болж байгааг тэрбээр онцолсон юм.
Ташрамд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн уг баталсан дээд хязгаарт багтаан зургаан шалгуур үзүүлэлтээр нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгох, бусад тохиолдолд олгохгүй байх тогтоолыг үе шаттай хэрэгжүүлж байна.
-
Тод мэдээ2024/11/04
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тө...
-
Тод мэдээ2021/10/01
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар цахим хэлэлцүүлэг хийл...
-
Тод мэдээ2024/08/19
Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөг эхэллээ
-
Тод мэдээ2022/08/29
“НОМИН Холдинг” ХХК “Speed 130” урамшуулалт хөтөлбөр үрг...