Тод мэдээ
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН нэг хэсэг АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТИЙН хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл энэ сарын 25-ны өдөр эхэллээ.
Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлж байгаа нь хөрөнгө оруулагч талд дахин итгэл хүлээлгэж буй Монголын ард түмний чин эрмэлзэл” гэдгийг онцоллоо. Мөн “Оюу толгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтай ойлголцож, зөвшилцөж, тогтвортой хамтран ажиллаж чаддаг, харилцан ашигтай түншилдэг гэдгээ дэлхий дахинд нотлон харуулах баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд цаашид хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдтэй харилцан ашигтай идэвхтэй түншлэн ажиллахад Монголчууд бид бэлэн байна” гэлээ.
Монгол Улсын Их Хурлаас баталсан 103-р тогтоолын хүрээнд өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж,харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүмүүсийн хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар “Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрсөн.
Оюу толгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, Монголын 600 гаруй ханган нийлүүлэгчдийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96 хувийг монголчууд бүрдүүлсэн уурхай” гэж хэллээ. Мөн өнөөдрийн арга хэмжээ Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо гэдгийг онцоллоо.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна Монгол Улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэнэ. Оюу толгой ХХК таван тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.
Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес бүрэн хариуцна. Оюу толгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт байдаг. Оюу толгой ХХК гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулж байна.
Энэ өдөр Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат Туркойс Хилл Ресурсес компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар “Өрийг хүчингүй болгосон тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурлаа. Ингэснээр Оюутолгой төсөл дэхь Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2,3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдэж байна.
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС