Дэлхий нийтээр..
Европын холбооны төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийв
Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газрын тэргүүн, Элчин сайд хатагтай Аксель Никейзтэй Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан нар уулзлаа. Уулзалтад Комиссын гишүүн Г.Нарантуяа, Комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах, Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, Элчин зөвлөх ноён Марко Фэрри, улс төрийн атташе Пола Вестлунд, хөтөлбөрийн менежер Евгениа Фараз, төслийн менежер М.Бямбарагчаа, бодлого хариуцсан ажилтан М.Ганчимэг нар байлцлаа.

Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан шинээр томилогдсон Элчин сайдад баяр хүргэж, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сүүлийн үед гарсан ахиц дэвшил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөж буй ажлын талаар танилцуулав.
Хүний эрхийн Үндэсний Комисс Европын холбоотой хамтран “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхижуулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж, бодит үр дүн гарч байгааг дуулгахын зэрэгцээ цаашид хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллах чиглэл, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд шинээр байгуулагдаж буй эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх болон Хүний эрх хамгаалагчийн механизмын талаар ярилцаж санал солилцсон.

Уулзалтын үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Элчин сайд хатагтай Аксель Никейзийг 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах Хүний эрхийн үндэсний форумд оролцохыг урилаа.
Эх сурвалж: ХЭҮК
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
