Тод индэр
Хувийн хэвшлийн оролцоогүй хотын хөгжлийг төлөвлөх боломжгүй

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум боллоо. Форумын дараагийн хэлэлцсэн сэдэв нь “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд”. Энэ хүрээнд НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг “Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн шинэлэг түншлэл” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин нэг үеэ бодвол сайжирсан. Хууль, эрх зүйн орчин сайжирснаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжих боломж бүрдэнэ. Энэ хүрээнд журам боловсруулахаар ажиллаж байгаа. Хотын эдийн засгийг тэлэх тулгуур нь төр, хувийн хэвшлийн түншлэл. Цаашид Орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт, Дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, Байгаль орчин, ногоон хөгжил, Нийтийн тээвэр, Тээвэр, логистик, Орчны бохирдлын менежмент, Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ тогтвортой хөгжлийг дэмжсэн, тэгш хүртээмжтэй, ногоон/эко хөгжил, инновацлаг, ухаалаг байхад анхаарна. Төр, хувийн хэвшил хоёр талдаа ач холбогдол өндөртэй. Тухайлбал, төр талаас хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн ачаалал бууруулах боломж бүрдэнэ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг олон нийтийн оролцоог хангасан, нийслэлийн хөгжлийн төлөөх түншлэл гэж харж байгаа” гэдгийг хэллээ.
Сэдвийн хүрээнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан Дэд захирал С.Цэрэндаш нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва энэ үеэр “Нийслэлийн зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлд анхаарч ажиллана. Хувийн хэвшлийн оролцоогүй хотыг хөгжлийг төлөвлөх боломжгүй” гэдгийг тодотголоо.
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар жилд 15 мянган айлын орон сууц ашиглалтад орж байна. Өнгөрсөн жилүүдэд зах зээл дээр 30 мянга орчим айлын орон сууц борлуулагдахгүй байсан бол өдгөө 1-2 өрөө байрны эрэлт их байгааг онцоллоо. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл орон сууцны салбарт чухал гэдгийг хэлсэн юм.
Тод индэр
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна
Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.
Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.
Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.
Тод индэр
Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулах ажлыг дөрөвдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
Тэрбээр “2025 онд НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэнгүй нохой, мууртай холбоотой гомдол олноороо ирсэн. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муурыг эзэнжүүлэх, түр асрах байранд хүргэх, анхан шатны вакцин хийх, туулга өгөх, үржлийг хязгаарлах үйлчилгээ үзүүлж байна. Нохой, муур барих ажилд нийслэлийн зургаан дүүргийн онцгой, цагдаагийн албан хаагчид болон УБЗАА, нийслэлээс холбогдох албаныхан 1000 гаруй хүн ажиллаж байна. Энэ удаагийн байршил СХД-ийн 20 дугаар хорооноос эхэлж, Туулын бургаснаас хойш самнах ажиллагаа явуулж байна” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Я.Чулуунхүү “Нийслэлийн Засаг даргын захирамжаар нохой, муур барих, эзэнжүүлэх арга хэмжээ 20 дугаар хороонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай хороо гэр хороолол, байшин хороолол, үйлдвэрлэлийн бүс ихтэй. Үйлдвэрлэлийн бүсэд эзэнгүй нохой, муур олон байдаг. Бага насны хүүхдүүдийг хичээл сургуульдаа явахад айлгадаг. Тиймээс нохой, муур барих ажил иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой” гэв.