Дэлхий нийтээр..
"Ковид-19"-ийн шинэ хувилбар болох Омикрон (B.1.1.529)-ы талаар ДЭМБ-аас гаргасан мэдэгдэл
2021 оны 11 дүгээр сарын 26 өдөр
ДЭМБ-ын дэргэдэх бие даасан шинжээчдээс бүрдсэн "Ковид-19"-ийн вирусний хувьслыг судлах зөвлөх хороо SARS-CoV-2 вирусний мутаци, шинж чанарыг тогтмол хянаж, үнэлдэг.
Тус зөвлөх хороо 2021 оны 11 дүгээр сарын 26-нд SARS-CoV-2 вирусний B.1.1.529 хувилбарыг үнэлэх зорилгоор хуралдсан.
B.1.1.529 хувилбар нь анх 2021 оны 11 дүгээр сарын 24-нд ДЭМБ-д бүртгэгдсэн бөгөөд Өмнөд Африкт 2021 оны 11 дүгээр сарын 9-ны өдөр өвчтөнөөс цуглуулсан сорьцоос илэрсэн байна. Өмнөд Африкт халдварын 3 давалгаа бүртгэгдсэнээс сүүлийнх нь Дельта хувилбараар үүсгэгдсэн. Сүүлийн долоо хоногт халдварын тоо огцом нэмэгдсэн нь B.1.1.529 хувилбар илэрсэнтэй давхцаж байна.
Тус хувилбарт олон тооны мутаци байгаа бөгөөд урьдчилсан байдлаар бусад хувилбаруудтай харьцуулахад B.1.1.529 хувилбар нь дахин халдварлуулах чадвар өндөр байгаа юм. B.1.1.529 хувилбараар үүсгэгдсэн тохиолдол Өмнөд Африкийн бүх мужид бүртгэгдээд байна.
Одоогийн SARS-CoV-2-ын оношилгоонд хэрэглэж буй ПГУ оношлуур нь Омикрон хувилбарыг илрүүлж чадаж байна.
Одоогоор хэд хэдэн судалгаа хийгдэж байгаа бөгөөд цаашид энэ хувилбарыг үргэлжлүүлэн судална гэдгийг зөвлөх хороо мэдээлжээ.
"Ковид -19" өвчний тархвар зүйд гарч буй өөрчлөлт дээр үндэслэн B.1.1.529 хувилбарыг онцгой анхаарал татах хувилбар гэсэн ангилалд оруулж, Омикрон (Omicron) гэж нэрлэсэн байна.
Иймд ДЭМБ-аас улс орнуудад дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:
- SARS-CoV-2 вирусний хувилбарыг илрүүлэх тандалт судалгааг өргөжүүлэх,
- Генийн дараалал тогтоох, түүнтэй холбоотой метадатаг GISAID зэрэг олон нийтэд нээлттэй мэдээллийн сантай хуваалцах,
- Анхааралт татсан хувилбараар үүсгэгдсэн анхны тохиолдол болон бүлэг өвчлөлийг олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу ДЭМБ-д мэдээлэх,
- "Ковид-19" өвчний тархварзүй, өвчний хүндрэл, нийгмийн эрүүл мэндийн болон нийтийн арга хэмжээнд үзүүлэх нөлөөлөл, оношлуур, дархлааны хариу урвал зэрэгт хэрхэн нөлөөлж байгаа талаар лабораторийн болон талбарын судалгаа шинжилгээг хийх.
Хувь хүмүүст дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна:
"Ковид-19"-ийн халдвар авах эрсдэлийг бууруулахад чиглэсэн, үр дүнтэй болох нь батлагдсан нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүд болох:
- Өөрт тохирсон амны хаалт зүүх,
- Гарын эрүүл ахуй сахих,
- Хүн хооронд зай барих,
- Дотоод орчинд агааржуулалт сайтар хийх,
- Хүн олонтой газар явахаас зайлсхийх,
- Вакцин хийлгэх.
ДЭМБ SARS-CoV-2 вирусний хувьслыг анхаарал хандуулах хувилбар болон онцгой анхаарал татах хувилбар гэж ангилдаг.
SARS-CoV-2 анхаарал хандуулах хувилбар:
• Халдварлах чадвар, хүндрэл, дархлаанаас дайжих, оношлогоо, эмчилгээний үр дүнд нөлөөлөх
• Хүн амын дунд өргөн хэмжээний тархалт, олон тооны кластер, хэд хэдэн улс оронд үүсгэсэн, тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай, олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн эрсдэл учруулах тархвар зүйн өөрчлөлт илэрсэн
SARS-CoV-2 онцгой анхаарал татах хувилбар гэдэг нь дээрх өөрчлөлтүүд дээр нэмээд дараах өөрчлөлтүүдээс нэг буюу хэд хэд нь илэрсэн хувилбар:
• Халдварлах чадвар нэмэгдсэн эсвэл КОВИД-19-ийн тархвар зүйд ноцтой өөрчлөлт гарсан эсвэл
• Хоруу чанар ихсэх эсвэл өвчний эмнэлзүйн илрэл өөрчлөгдөх; ЭСВЭЛ
• Халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ болон оношлогоо, эмчилгээ, вакцины үр дүн буурсан...
Эх сурвалж: World Health Organization Mongolia фэйсбүүк хуудас
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Чөлөөт бүс2019/10/31
“Honeymoon” хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ
-
Дэлхий нийтээр..2025/11/28
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн зам барин...
-
Хэн юу хэлэв...2024/08/13
Н.Мандуул: Улаанбаатар хотын ногоон байгууламж, чанартай дэд бүтэц, үр дүнтэй хө...
-
Үйл явдал2020/11/05
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
