Тод мэдээ
"Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүс байгуулах тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 13-ны өдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэхүү төслөөр нийслэлийн Налайх дүүргийн Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун хэсэгт “Морингийн даваа” орчимд жишиг шинэ суурьшлын бүсийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсруулсан.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11-дүгээр хороо, Налайх дүүргийн 3, 7-дугаар хорооны нутаг дэвсгэр Хонхор орчимд “Хөгжлийн үүд” төслийн хүрээнд 4725 өрхийн 16,065 хүн ам байнга оршин суух шинэ суурьшлын бүсийг байгуулах бөгөөд нам болон өндөр давхрын инженерийн хангамжтай орон сууцаар хангагдана.
Мөн энэ хүрээнд нийт 6400 ажлын байр бий болох бөгөөд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгж талбарууд нь орон сууц, олон нийтийн барилга байгууламж, ногоон байгууламж, тохижилттой байхаас гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын барилга байгууламж зэрэг нийгмийн үйлчилгээг бий болгохоор тооцжээ. Мөн энэ суурьшлын бүсэд гол төлөв хүнсний боловсруулах болон сав баглаа боодол, оёдол, гар урлал зэрэг хөнгөн үйлдвэрлэлийн барилга байгууламжууд бий болох юм.
Харин “Морингийн даваа орчмын хувьд 5325 өрхийн 21298 хүн оршин суух шинэ суурьшлын бүсийг бий болгоно. Нийт 2010 хүүхдийн суудалтай 6 сургууль, 4080 хүүхдийн 8 цэцэрлэг, 490 ортой эмнэлэг энэхүү бүсэд тус тус төлөвлөгджээ.
Тэгэхдээ жишиг суурьшлын бүсийн төслийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд 9.98 га барилгажилтын төслийг 4 үе шаттай хэрэгжүүлэх 31.7 тэрбум төгрөгийн,Морингийн даваа орчимд 11.4 га-д 84.2 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэж Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас танилцууллаа. Улмаар нийслэлийн төсвөөс 212 тэрбум төгрөг, хувийн хэвшлээс 873 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж. Улмаар дээрх тогтоолын төслийг Тэргүүлэгчдийн саналаар баталлаа.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Тод мэдээ
Сүхбаатар дүүрэгт 37228 ам.метр явган хүний замын засвар, арчлалтыг энэ сарын 20-ноос эхлүүлнэ
Нийслэлээс явган замын арчлалтыг сайжруулах үүднээс байршлууд дээр нь очиж тогтмол ажиллаж байгаа. Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан хотын гол, гудамж замын зарим байршилд явган замын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд ажиллахдаа явган замгүй байршлуудад хэрхэн явган зам гаргах, иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг болон албаны хүмүүстэй ярилцлаа.
Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр дүүргийн Тамгын газар, хороодын ажлын албатай хамтарч Сүхбаатар дүүргийн 1-11 дүгээр хорооны 355 байршилд 37228 ам.метр талбайн явган хүний зам талбайн арчлалтыг шалгасан. Явган хүний замын хавтангуудын арчлалтыг сайжруулах, засварлах шаардлагатай хэсгүүдэд ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлж, үе шаттай явуулна. Эхний ээлжид Сүхбаатар дүүргийн Бага тойруугаас Их тойруу доторх явган хүний замыг засварлана. Багшийн дээдийн хойно Спортын төв ордны арк дээр иргэдээс гомдол их ирдэг. Автомашин явах хоёр урсгал замтай ч хажуугаар нь явган хүний зам байдаггүй. Тиймээс иргэд, орчмоор нь зорчиж байгаа оюутнуудад зорчиход хүндрэлтэй. Энэ хэсэгт мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, явган хүний замыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө буюу Арслантай гүүрний баруун талаас Баруун 4 зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Гэрээнд заасан хугацааны дагуу ажлууд хийгдэнэ. МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн талд байрлах “Галлериа Улаанбаатар”-ын урд талын хэсэг, СТӨ-ний ард талын хэсгийн явган замын ажлуудыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хяналт тавин гүйцэтгэж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Тод мэдээ
Сүхбаатарын талбайн хоёр талын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил үргэлжилж байна. Үүний нэг болох Сүхбаатарын талбайн хоёр талын 5012 ам.метр талбай бүхий явган хүний зам засварын байршилд холбогдох албаныхан ажиллалаа.
Тухайн байршилд ажилласан УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэл хотын хэмжээнд төв магистрал зургаан гудамжинд байгалийн чулуун хавтангаар явган хүний зам хийж байна. Тухайлбал, Төв шуудангийн уулзвараас Сүхбаатарын талбайг тойрсон явган хүний замыг тодорхой хэсгүүдэд хувааж, ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэхдээ явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд иргэд чөлөөтэй зорчих гарцыг гаргасан” гэлээ.
Түүнчлэн явган замыг байгалийн боржин чулуун хавтангаар шинэчлэхдээ галаар шатаах, цохилттой дрилл ашиглан барзгар гадаргуу үүсгэх байдлаар технологийн шинэчлэлтийн ажлыг зарим шаардлагатай хэсэгт оруулж өгч байгааг ажил гүйцэтгэгчид хэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Өнөөдөр2024/06/12
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
-
Өнөөдөр2020/12/03
Өнөөдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Тод мэдээ2024/06/22
Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрө...
-
Тод мэдээ2021/06/22
Ачаа тээвэрлэлтийн нөхцөл байдлыг шалгаж, үүрэг чиглэл өгчээ